О.ЦОГТГЭРЭЛ: Сумын сургуульд ЭСГИЙ гуталтай алхаж явсан бид ӨНӨӨДӨР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОД...

Монгол хуурай сүү, гоймон зэрэг хүнсний эцсийн бүтээгдэхүүн Казахстан, Узбекистан, Хятад руу экспортод гарч эхлээд байна. 

Манай эдийн засгийг тэтгэх амин чухал энэхүү үйл явдлыг ТЭСО корпораци түүчээлэн эхлүүлээд байгаа юм. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д нэрийн бүтээгдэхүүнээ борлуулах албан ёсны төлөөлөгчийн газраа нээгээд ирсэн ТЭСО корпорацийн Ерөнхийлөгч О.Цогтгэрэлийг бид "Өглөөний хүн" буланд урьж ярилцлаа. 

О.Цогтгэрэл нь компанидаа гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга хийж, дунд нь төрийн албанд буюу Ерөнхий сайдын зөвлөхөөр хэсэг ажиллаж байгаад өнөөдөр компанийхаа Ерөнхийлөгч гэсэн статустай ажиллаж байгаа юм. 

Ерөөсөө ТЭСО-ийн түүх өөрөө их сонирхолтой, ирмүүн аж. Оюутан ахуй насандаа эхлүүлж байсан зайрмагны аяга хийх жижиг бизнес нь өнөөдөр хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, тээвэр зуучлал, барилга, уул уурхай зэрэг нийт 12 охин компанитай, мянга гаруй ажилтантай, жилийн 200 орчим тэрбум төгрөгний эргэлттэй корпораци болон өргөжин хөгжжээ. 

Энэ их амжилттай түүхийн эзэн О.Цогтгэрэл гэх эрхмийг "Өглөөний хүн" булангаар танилцуулж байгаадаа баяртай байна. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилсээр…

 

Ярилцлагын зочин: О.Цогтгэрэл Одонгийн Цогтгэрэл

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

 

ИХ СУРГУУЛИЙН ХОЁРДУГААР КУРСТЭЭ АНХНЫ КОМПАНИА БАЙГУУЛЖ БАЙЛАА

- ТЭСО корпораци Хятад руу бүтээгдэхүүнээ экспортлож эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн сайн мэдээний нэг байлаа. Үүнээс ярилцлагаа эхэлвэл ямар вэ? 
- Тэгье ээ. 

Бидний байгуулсан компани өсөлтийн дараагийн үе шат руугаа орсон сайхан үйл явдал болж байна. 

Анх сумын төвийн хэдэн хүн зайрмагны аяга хийж эхлээд хувьчлал, тендер, төсвийн хөрөнгө оруулалтаас хол чөлөөт зах зээлийн өрсөлдөөний жамаараа явсаар Монголоос бараг анх удаа хүнсний эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргалаа.

Өнгөрсөн оны сүүлээс Казахстан, Узбекистан руу кофены хуурай сүүгээ экспортлож эхэлсэнбол өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны төлөөлөгчийн газрынхаа нээлтийг хийлээ. 

Монгол Улсаас ноолууран цамцыг эс тооцвол өөр эцсийн болж гарч байгаа бүтээгдэхүүн бараг байхгүй. Монгол Улсын хилээр гарч байгаа зэс гэхэд 75 хувийн шороо, 25 хувийн зэс байдаг. Бид шууд хэрэглэдэг эцсийн бүтээгдэхүүн огт экспортлож чадахгүй байна. Тэгэхээр энэ нь ТЭСО-ийн хувьд их том эхлэл, бас урам зориг өгч байгаа ажил юм. Гэхдээ энэ ажил маш амаргүй юм байна. Бүгд манайхаас илүү хөгжингүй орнууд, тэр хирээр өндөр стандарттай. Дээрээс нь Монголоос эцсийн бүтээгдэхүүн аваад хэрэглэнэ гэдэг ойлголт байхгүй хүмүүстэй л бид харьцаж байна шүү дээ. 

Монголоос эцсийн бүтээгдэхүүн аваад хэрэглэнэ гэдэг ойлголт байхгүй хүмүүстэй л бид харьцаж байна

- Монголын ТОП ААН-үүдийн нэг ТЭСО-гийн түүх хэзээнээс бичигдэж эхлэв? 
- Яг компани болж зохион байгуулалтанд ороод ажиллаж эхэлсэн нь 2003 он. Харин миний хувьд хоёрдугаар курсын оюутан байхаасаа бизнес хийхээр оролдож эхэлсэн. 

Бид ТЭСО-г сумын төвөөс эхэлсэн компани гэж ярих дуртай л даа. Би чинь 1993 онд аравдугаар ангиа төгсөж байсан сумын төвийн хүүхэд. Яг л нийгмийн шилжилт идэвхтэй өрнөж энэ нь суманд амьдардаг иргэдэд хатуухан бууж байсан үе. Сумдууд 24 цагийн тог, цахилгаанаас эхлээд социалист системээр бүрэн тэтгүүлж амьдарч байсан нь нуран унасан юм. Тавхан жилийн өмнө ажил, амьдрал буцалж байсан сумын төв ерээд оны эхэн үед шал өөр болж зүгээр л дундад зуун руугаа буцаад оччихож билээ. Яг л эндээс би ч, ах нар ч, аав ч энэ байдлыг өөрчлөх ёстой гэсэн дотоод эрэл хайгуулыг дор бүрнээ хийж, жижиг бизнесүүдийг эхлүүлцгээсэн.

Их сургуулийн хоёрдугаар курст байхдаа анхны компаниа байгуулсан. Хичээлээс завсардчихсан нутгийнхаа гурван оюутныг ажилд аваад талх, нарийн боовны цех ажиллуулж эхэлсэн. Харамсалтай нь энэ бизнес маань амжилт олоогүй ч дараа дараагийн маань ажилд их сургамж болсон доо.

Оюутан байхдаа л хорь, гучин байрны мөнгө “хийсэн” гэсэн үг

 

- Тухайн үеийн нийгэм бүхэлдээ “нaймаачин” сэтгэхүйтэй байсан гэдэг. Харин та яагаад үйлдвэрлэл, бүр талх, нарийн боов ХИЙЖ заръя гэж шийдэв?
- Энэ бизнесээ эхлүүлэхийн тулд бас наймаа хийж үзсэн шүү. Ер нь би амьдралдаа хоёр л удаа наймаа хийж үзсэн. Энэ хоёр тохиолдол нь хоёулаа маш өндөр ашигтай байгаад зогсохгүй компаний маань үндэс суурийг тавихад хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг нь бас сонирхолтой. 

Эхнийх нь нэгдүгээр курст байхдаа ангиараа нийлээд ангийнхаа охиныд очсон чинь эгч нь нэг яамны газрын дарга байж таарч. Тэгсэн тэдний ширээн дээр Монгол Улсын Ерөнхий Боловсролын системд ирэх онд ашиглагдах ба ашиглагдахгүй сурах бичгийн жагсаалт байдаг юм байна. Энэ нь нууц биш мэдээлэл байсан учраас нэг хувийг нь аваад оюутныхаа амралтаар ах нартаа өгч аймгийн төв, бүх сумын номын дэлгүүрүүдээр явж ашиглагдах номуудыг нь цуглуулсан юм. Тухайн үед номын үнэ социализмын ханшаараа маш хямдхан байсан. Нөгөөтэйгүүр яг энэ үеэр сургууль завсардалт ихэсч, энэ номнууд нь сумандаа бол бараг ашиглагддаггүй, бараг л маргааш нөгөөдөр нь айлын гал руу явах болчихсон байсан. Сүүлд жилийн дараа судлахад миний зарсан тэр номнууд бүгд сургалтад ашиглагдахаа байсан байж билээ. Социализмын үеийн хоёр төгрөгний үнэтэй номыг хотод 200 төгрөгөөр зараад 100 дахин нугалсан наймаа хийж байсан юм байна.

Ингээд нэлээд хэдэн төгрөгтэй болчихоод анхны бизнес талх, нарийн боовоо хийж эхэлж байлаа. 

20 настайдаа зөөсөн номоо 20 жилийн дараа дөрөв дахин олон болгож нутгийн дүү нартаа өгсөн

- Та тэгвэл Увсын хамаг номыг Улаанбаатар луу зөөжээ?
- Тухайн үед би 10 мянга гаруй ном авчирч зарсан байх. Харин өнгөрсөн жил “Шинэ тэмүүлэл” гээд ТББ-аараа дамжуулаад аймгийнхаа 90 жилийн ойд зориулж “Book Challenge” гэж аян өрнүүлэн нутагтаа 37 мянган ном олон нийтийн дэмжлэгтэйгээр цуглуулан хандивласан.

20 настайдаа зөөсөн номоо 20 жилийн дараа дөрөв дахин олон болгож нутгийн дүү нартаа өгсөндөө их баяртай байгаа. Тухайн үедээ ашиглагдахаа болиод агуулахад хэвтэж байсан номнуудыг эрж хайгаад Улаанбаатарт авчирч зарсан ч гэсэн нэг л өртэй юм шиг санагдаад нэг ажил хийюү гэж олон жил бодсоноо өнгөрсөн жил гүйцээлээ. 

- Хоёр дахь наймаа нь юу байсан юм бол? 
- 1995 онд хамаатны ах маань хүнд зээлүүлсэн мөнгөнийхөө оронд Оросын зайрмагны аяганы машин авсан байсан юм. Тэр машиныг нь судлаад үзтэл нэг торх нь гурван төгрөгний өртөгтэй гардаг мөртлөө 25 төгрөгөөр зарагддаг, тэгсэн мөртлөө маш эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төхөөрөмж байлаа. Үүгээр нь би оюутан байхдаа хотод байдаг ах, дүү нартайгаа нийлээд зайрмагны аяга хийж зардаг байсан.  Дээрээс нь ийм төхөөрөмж хийж зарвал их эрэлттэй бүтээгдэхүүн болох юм байна гэдгийг ойлгосон. 

Ингээд “Зайрмагны гурилан аяга хийдэг нэг болхидуу машин байна. Та нар бараг хийчихнэ дээ” гээд сумаас аав, ах хоёроо дуудаад үзүүллээ. Хэдийгээр сумын төвд тог цахилгаангүй лааны үе рүү шилжчихсэн хүнд хэцүү байсан ч тэд гурван сар хүрэхгүй хугацааны дараа анхны төхөөрөмжөө хийгээд дуусгачихаж. Тэгэхдээ хоёр тонн жинтэй зайрмагны аяганы машиныг 100 кг хүртэл багасгаад хүчин чадал нь ойролцоо болгоод өгсөн. 

"Аав, ах хоёр маань хоёр тонн жинтэй зайрмагны аяганы машиныг 100 кг хүртэл багасгаад хүчин чадал нь ойролцоо төөхөрөмж хийж өгсөн"

 

Мэдээж хэрэг их эрэлттэй, өндөр ашигтай бүтээгдэхүүн хийдэг ийм машиныг Орос, Хятадаас хэн нэгэн авчирч зарах нь ойлгомжтой шүү дээ. Үүнээс нь өрсөх гээд үзээд байгаа нь энэ шүү дээ. 

Ингээд анхны үйлдвэрлэлийн төхөөрөмжөө зарах гэтэл хэдээр үнэлэх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь долоо, найм нугалсан ашиг өгдөг машин зарах гэж байдаг. Дээрээс нь өөрийнхөө бизнесийг хаах гээд байдаг. Жаал бодож байгаад 50 мянган төгрөгний өртөгтэй гарч байсан уг машинаа 1.5 сая төгрөгөөр заръя гэж шийдсэн. 30 нугалж зарахаар шийдсэн гэсэн үг. 

Ядаж 200, 300 мянган төгрөгөөр заръя гэж бодож болноо доо. Гэтэл тэр бизнес нь үнэхээр ашигтай байгаад миний орлогыг хаах гээд байсан учраас 1.5 сая төгрөг гэж зоригтой үнэлсэн. 

Ингээд эхний машинаа зарлаа. Ахиад дараагийнхыгаа аав, ахаараа захиалж хийлгээд зарлаа. 

Мэдээж энэ хооронд хөгтэй, сонин олон ч юм тохиолдож байлаа. Төхөөрөмжөө зарах гэж яваад үхэхээ шахаж байсан үе ч бий. Машинаа тог цахилгаанд холбож өгөх гэж байгаад хэд хэдэн удаа тогонд цохиулаад ухаан алдаж унаж байсан үе ч бий (инээв). 

Арваннэгдүгээр хорооллын нэг байранд холболт хийх гэж байгаад тэр хавийн айлын бүх тогийг нь тасалж байсан гээд олон паян бий. 

Төхөөрөмжөө зарах гэж яваад үхэхээ шахаж байсан үе ч бий

- Та тэгээд хэдэн машин зарсан юм бэ?
- 20 гаруй машин зарсан. Бараг ч улс даяараа тарж, эрэлтээ бүрэн хангасан байх. Тухайн үеийн ханшаар бодоход 1.5 сая төгрөгөөр “Газ-24” машин аваад уначихдаг байсан үе. Хорооллын хоёр өрөө байр гэхэд хоёр сая төгрөгний үнэтэй байсан. Тэгэхээр би оюутан байхдаа л хорь, гучин байрны мөнгө “хийсэн” гэсэн үг байх нь. 

- Тэгвэл та оюутан байхдаа л саятан болчихсон юм байна шүү дээ.
- Тийм ээ. 30 нугалж зарахаар чинь тэгэлгүй яахав. Энэ бизнесээс их мөнгө олсон гэхээсээ илүү надад, бидэнд их урам зориг өгсөн юм. Хөдөө сумын төвд цаашдаа яаж амьдрах вэ гэх гацаанд орчихсон байсан ах, дүү нарт маань ч их итгэл найдвар, урам зориг болсон. 

Улсаараа хойшоо хоёр алхам ухарчихаад байхад сумын төвийн нэг айлын хүмүүс хамтраад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хийгээд, түүнийгээ 30 нугалсан ашиг олж байна гэдэг чинь ихээхэн боломж байгаа юм байна даа гэсэн итгэлийг олсон доо. 

- Зайрмагны машин хийгээд, түүнийгээ 30 дахин нугалаад зарчихъя гэдэг бодол баргийн хүнд төрөхгүй мэт. Юу таныг өөртөө ийм их итгэлтэй байлгадаг вэ?
- Минийх гэхээсээ илүү удамд маань шинэ санаачлага болоод хамтын амьдралд дуртай нэг зан чанар байдаг юм уу даа. 

Социализмын үед өвөө маань сумын төвд 10 айлын хашааг нийлүүлээд хамар хашаануудыг нь авчихаад амьдардаг байсан. Ах, дүү нараараа нийлээд ажил хөдөлмөрөө хуваарилаад хийдэг байлаа. Өвөө ач, зээ нараа багаас нь ногоо тарих зэрэгт сургаж байсан. Сумын төвд байсан мөртлөө л ногоо тарих явцдаа усалгаа зэргийг бүгдийг нь инжнерчлэлийн аргаар шийдчихсэн, лав гараар ус зөөдөггүй байсан. Ер нь багаас маань өөрсдөө аливаа зүйлийг бий болгох улмаар ШБОС сэтгэхүйтэй болгож өсгөсөн юм уу даа.

“Хүн их хөдөлмөрлөснөөрөө амжилт олдоггүй юм. Оюун ухаанаа хэн сайн ажиллуулж чадсан нь амжилт олдог юм” гэж аав минь хэлдэг байсан

Аав минь яг л ийм хүмүүжлээр өөрөө хүмүүжиж бас биднийг тэгж өсгөсөн. “Хүн их хөдөлмөрлөснөөрөө амжилт олдоггүй юм. Оюун ухаанаа хэн сайн ажиллуулж чадсан нь амжилт олдог юм” гэж хэлдэг байсан. 

Аав минь хөдөө суманд Тэсийн тэжээлийн аж ахуйн Ерөнхий инженерээр олон жил ажиллачихсан сумандаа ШБОС Одон гэж нэртэй, техникийн сэтгэлгээтэй хүн байлаа. 20 гаруй ШБОС эзэмшдэг хүн.  Өөрөө архи, тамхи хааяа хэрэглэдэг мөртлөө зургаан хүүгээ огт архи, тамхи хэрэглэдэггүй хүмүүс болгож хүмүүжүүлсэн. Биднийг ийм хатуу гараар өсгөж байсан мөртлөө яг амьдралын чухал шийдвэр, шинэ санал санаачлага гаргах тал дээр маш чөлөөтэй хандаж, дэмждэг байсан. Энэ зан чанар л бидний амьдралд их нөлөөлсөн юм болов уу. 

Аав маань тийм баян хүн биш. Тэгсэн мөртлөө л социализмын үед шинээр гарч байсан техник технологиудыг хамгийн түрүүнд авч хэрэглэнэ гэсэн шаардлагыг өөртөө тавьж амьдардаг байсан. Мотоцикл гэхэд планета 1, 2, 3 гээд бүх серийг нь авч унадаг байсан сан. Шинэ сери нь гарангуут л хуучнаа зараад л хамгийн түрүүнд шинэ серийг нь аваад уначихна. Үүнийхээ хажуугаар хувьдаа машинтай цөөхөн хүний нэг байлаа. Тийм баян биш ч өөрийн хөдөлмөрийн хүчээр хувьдаа өмчтэй байж болохыг үлгэрлэсэн хүн юм. 

- Одоо манай залуусын утас, таблетуудын шинэ загваруудыг бүгдийг нь авч туршиж үздэгтэй л адилхан технологийн хоббитой хүн байж. 
- Тийм ээ. Техник, технологит үнэхээр дуртай. Мотоциклоос эхлээд өнгөт телевиз, радио гээд л тухайн үед гарч байсан бүх л шинэ технологиудыг хэрэглэдэг байсан. Хаалттай нийгмийн үед шинийг ингэж их эрэлхийлэгч байсан чанар нь л бидэнд их нөлөөлсөн байх даа. 

МОНГОЛЫН НАТУРАЛ ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ЯВДАЛД Л АНХААРЛАА ХАНДУУЛНА

 

 

- ТЭСО дотоодын зах зээл дэх зорилтдоо тодорхой хэмжээнд хүрчихээд экспорт руу орж байна уу. Эсвэл энэ процессыг давхар авч явах уу?
- Бусдад өгөх юмтай байх, бусдаас авах юмтай байхыг л бизнес гэдэг. Монгол Улс том утгаараа нэг л компани, нэг л айл. 

Бид хашаан дотроо төмс тарьчихаад тогоондоо буцалгаж идчихээд суугаад байвал хөршөөсөө яаж сайхан амьдрах вэ. Монгол Улсын хилээр бүтээгдэхүүн гардаг, авдаг урсгал нь ядахнаа тэнцэж байж л бид өрсөлдөхүйц орон болно. Ингэхээр том утгаараа бидэнд экспорт хэрэгтэй байна. Энэ чинь л бидний хөгжил, дэвшлийн үндэс. 

1,000 орчим ажилтантай компани бүхний өмнө л тулгарч байгаа зүйл нь одоо бид хаачих вэ

1,000 орчим ажилтантай компани бүхний өмнө л тулгарч байгаа зүйл нь одоо бид хаачих вэгэдэг асуулт. Тиймээс ч дараагийн буюу өөр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож эхэлдэг. Уг нь бизнесийн хуулиар бид нэг сайн бүтээгдэхүүнийг л тултал нь хийх ёстой. Гэтэл ийм боломж байхгүй байгаа нь бидний нэг сул тал болоод байна. Үүнээс гарах ганцхан арга нь экспортод гарах. 

Хэдийгээр зах зээл хумигдаж байгаа ч 2015 оны тайланг харахад 250 орчим шинэ ажлын байр бий болгож, 28 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг үйлдвэрүүддээ хийлээ. 

Экспортод бүтээгдэхүүн гаргаж байгаа хуурай сүүний үйлдвэр гэхэд 2015 онд ашиглалтанд орсон. Энэ шинэ бүтээгдэхүүний 50 гаруй хувийг бид экспортод гаргаж байна. Монголд өмнө нь хуурай сүүний үйлдвэр байгаагүй. Манай улсад нэвтэрсэн шинэ технологи. Шведийн өндөр өртөгтэй технологиор энэ сүүгээ үйлдвэрлэж байна. Бусад бүтээгдэхүүний хувьд ч дотоодын зах зээлд борлуулалтаараа салбар салбартаа тодорхой хувийг нь эзэлж байгаа. Бид зарим бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн нь экспортын зорилготой. 

Хуурай сүүнийхээ 50 гаруй хувийг бид экспортод гаргаж байна

- Бид Хятад руу масс болох хэмжээний бүтээгдэхүүн экспортод гаргах боломжтой юу. Тэгэхээр энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах ёстой вэ?
- Хятадын зах зээл руу ороход дэм болох хэд хэдэн давуу тал бий болж байна. Хятадуудын амьжиргаа хурдацтай дээшлээд эхэллээ. 2030 он гэхэд 200-300 сая иргэн нь дундаж давхарга руу орохоор байгаа. Тэд мэдээж илүү эрүүл, илүү илчлэгтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсч эхэлнэ. 

Нөгөө талаар бид Хятадын зах зээлийн үнийн өрсөлдөөнд орно гэвэл хэцүү шүү дээ. Бидэнд ямар нэгэн давуу тал заавал байх хэрэгтэй. Тэр нь эко гэсэн имижээрээ давуу талаа хийж үүнийгээ таниулж, ойлгуулж байж л экспортод гарах арга зам үлдэж байна. 

Бид зөвхөн дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргахаас гадна ТЭСО нэрийн брэнд, бүх стандарт, шаардлагаа гаргаж өгөөд Малайзад бүтээгдэхүүн хийлгэж Хятадын зах зээлд “Алибаба”-р дамжуулж чипс зарах гэж байна. 

2030 он гэхэд Хятадын 200-300 сая иргэн нь дундаж давхарга руу орохоор байгаа

- Ийм төрлийн бизнес манайд хэд хэд бий болж байгаа юм билээ. Таныхаар монголчууд өөрсдийн гараар бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарах, эсвэл стандарт, технологийг нь л тодорхойлдог хүмүүс байх ёстой юу?
- Манайд давуу талтай бүтээгдэхүүнүүдээ бид өөрсдөө л үйлдвэрлэх ёстой. Түүнээс бид бүхнийг үйлдвэрлэх боломж байхгүй шүү дээ. 

- Малайзад үйлдвэрлүүлэх чипс Монголд хийхээс бага зардлаар бүтэж байна уу?
- Янз бүр. 

Малайзад үйлдвэрлүүлэх чипсийн тухайд гэхэд энэ үйлдвэрийг оруулж ирэхэд бас л өндөр зардалтай. Дээрээс нь тэр үйлдвэрийг оруулж ирлээ гэхэд 20 хувь нь Монголын зах зээлийг бүрэн хангаад 80 хувь нь сул зогсох үйлдвэр байгаа юм. “Pringles” зэрэг томоохон брэндтэй өрсөлдөх бүтээгдэхүүн гаргая л гэвэл яг л тэр гадны үйлдвэрийг нь жишгээр оруулж ирэхгүй бол өрсөлдөх боломжгүй болчихож байгаа юм. Тэгэхээр зарим бүтээгдэхүүнийг бид Малайз, Орост үйлдвэрлүүлээд Хятад руу борлуулах бодлого барьж байна. 

Малайзад бүтээгдэхүүн хийлгэж Хятадын зах зээлд “Алибаба”-р дамжуулж чипс зарах гэж байна

Хонконг, Сингапурт байгаа өндөр өндөр оффисуудад ажиллаж байгаа компаниуд гэхэд өөрсдөө нэг ч үйлдвэргүй мөртлөө ашиг хийгээд хөгжилтэй амьдраад байна. Бид заавал биет бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг чинь хоёрдугаар үе шатны дамжлага болчихоод байна шүү дээ. Сингапурт нэг оффист сууж байгаа ажилтан өөрсдийн бүх стандартыг Хятад руу өгч хийлгээд гарч ирсэн бүтээгдэхүүнээ Африк руу эсвэл Монгол руу зарчихаж байна. Гэтэл Сингапурт үйлдвэр байхгүй шүү дээ. Бусад нь ингэж амьдраад байхад бид яагаад болохгүй гэж.

- Танайх тэгвэл энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаагаа илүү өргөжүүлнэ гэсэн үг үү?
- Бид одоогийн экспортын үйл ажиллагаагаа дэмжих үүднээс энэ хэлбэрийг ашиглаж байгаа болохоос биш үндсэн бизнес маань Монголын натурал эко бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах явдал. Тэгэхээр энэ үндсэн бизнес рүүгээ л гол анхаарлаа хандуулна. 

 

ХӨГЖИЛ ГЭЖ ӨЧИГДРӨӨС САЙХАН ӨНӨӨДРИЙГ Л ХЭЛНЭ

 

 

- Та санхүүч, эдийн засагч мэргэжилтэй гэж байсан.  Энэ мэргэжлээрээ ажиллаж байв уу? 
- Баруун хязгаарт Увсын Тэс гээд хилийн суманд дунд сургуулиа 1993 онд төгссөн. Дунд сургуульд байхдаа физик, математикт ихээхэн сонирхолтой, аймаг, улсын олимпиадын медальтай хүүхэд байлаа. Энэ ч үүднээсээ КтМС-т инженер, эдийн засагч мэргэжлээр элсээд явцдаа санхүүч, эдийн засагчаар төгссөн. Компани гэдэг чинь тэр чигээрээ л санхүү, эдийн засагтай холбоотой учраас энэ мэргэжил надад их хэрэг болсон. 

Тиймээс ч энэ чиглэлээрээ магистр болж, дараа нь Сиднейн Их Сургуульд стратегийн удирдлагын чиглэлээр дунд хугацааны сургалт авсан. Өнгөрсөн жилээс Харвардын Стратегийн Удирдлагын хөтөлбөрт мөн хамрагдаад явж байна. 

Том зүйл, том боломж хүлээх биш одоо байгаа нөхцөлдөө тааруулаад л аливаа зүйлийг эхлэх нь хамгийн чухал

- Та өөрийн фэйсбүүк дээрээ аливаа зүйлийг эхлэх нь хамгийн чухал тухай бичсэн байсан. Эхлэхэд төлөвлөгөө бас чухал байх. Тийм үү?
- Аливаа зүйлийг эхлэх гэхээр зарим хүн цаг нь болоогүй байна гээд эсвэл зориг хүрдэггүйгээсээ их хойшлуулдаг.

ТЭСО-ийн хувьд ч таван жилийн өмнө одоогийн хийж байгаа энэ экспортын ажлуудаа эхлүүлж болох л байсан юм байна лээ. Тэгэхээр бусад компани, бусад хүн ч заавал том зүйл, том боломж хүлээх биш одоо байгаа нөхцөлдөө тааруулаад л аливаа зүйлийг эхлэх нь хамгийн чухал юм байна. Тэгэхгүй бол бид цаасан дээр төмөр зам барьдаг, цахилгаан станц босгодог л улс болчихлоо шүү дээ. 

- Та өөрийн үндсэн ажлын хажуугаар Монгол Улсын хөгжлийн асуудал, гарцыг судалж ном хүртэл бичиж байсан юм билээ. Та хөгжлийг хэрхэн харж байна вэ?
- Хобби ч гэх юм уу даа, хөгжлийн онол, хөгжлийн философи, эдийн засгийн философи зэргийг сонирхож уншдаг. Хөгжлийн тухай бүгдээрээ л ярьж байна. Дарга, даамал нь энэ улсыг хөгжүүлсэнгүй гээд ярих маш амархан шүү дээ. 

Хөгжил гэж юу вэ. Өчигдрөөс сайхан өнөөдрийг л хэлнэ.  Хүн бүрийн тухайд аваад үзэхэд эрх чөлөө, боломж, эдийн засаг гээд аль ч талаас авч үзсэн Монголын түүхийн хамгийн сайхан цаг өнөөдөр байна. Мэдээж цаашид бүр үүнээс ч сайхан болно.

Харин бид хөгжлийг юугаар хэмжихээ л олохгүй будилаад байх шиг санагддаг. Зарим нь орлого, эдийн засгийн үзүүлэлтээр нь хэмжээд, нөгөө нэг хэсэг нь хувь хүний хөгжлөөр нь эрэмбэлээд, бүр зарим нь аз жаргалаар нь хэмжвэл яах вэ гэж байдаг. 

Хөгжил гэж өчигдрөөс сайхан өнөөдрийг л хэлнэ

Минийхээр аль алиныг нь орхилгүйгээр таван зүйлд заавал анхаармаар санагддаг. Тавууланд нь анхаарах боломж, шаардлага байхгүй. Нөхцөл байдлаас хамаараад аль чухал нэг, хоёрт нь анхаарах ёстой байх.

- Таван зүйлээ задалж хэлэхгүй юу?
Нэгт нь, Эдийн засгийн өсөлтийн асуудал мэдээж чухал. Ардчилал, эрх чөлөөт байдлын тулгуур нь эдийн засгийн хөгжил. 

Хоёрт нь, Хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг бас бодолцох ёстой. Хэчнээн мөнгө, баялаг байгаад иргэд нь эрүүл, боловсролтой биш бол ямар хэрэгтэй гэж.

Гуравт нь, Соёл, иргэншлийн асуудал. Хүний зан үйл, ёс суртахуунлаг байдал нь хөгжлийн том ойлголт аж. 

Дөрөвт нь, Бидний ярианд орж гараад байгаа шинэ санал санаачлага, инноваци гэдэг зүйл чинь хөгжлийн нэг том тулгуур мөн.

Тавт нь, Дэг журам, засаглалын тухай асуудал. Засаглал буюу хууль, дүрэм журам гэдэг зүйл буруу байвал бид хэчнээн мундаг байгаад ч хэрэггүй болчихож байна. 

Ер нь бид гэлтгүй дэлхий нийтээрээ энэ таван зүйлийг тус тусад нь салгаад, эсвэл эрдэмтэд янз бүрээр хөгжлийн асуудлыг үзээд байх шиг байдаг. 

Түүх талаас нь харахаар 1970-аад он хүртэл “Яаж баяжих вэ” гэж дэлхийн нийтээрээ толгой гашилгасан байгаа юм. Түүнээс хойш хүнээ л хөгжүүлчихвэл болчих юм шиг бас хэсэг явсан. 

1990 он гарснаас хойш эдийн засгийн чиглэлээрх Нобелийн шагналтнуудыг харахаар ёс суртахуун, нийгмийн соёлыг хөгжилтэй холбогдох хандлага хүчтэй байна. 1998 оны Нобелийн эзэн, философич Амартяа Сенгэхэд л “Хөгжил гэдэг бол эрх чөлөө юм” гэж хэлсэн байдаг.Энэ нь чадавх, эрх чөлөө хоёр тэнцүү байх ёстой гэсэн үг. Чадавхаас нь хэтэрсэн эрх чөлөө өгчихвөл дарамт болдог, харин чадавхаас нь бага эрх чөлөө өгчихөөр инноваци гэдэг зүйл гарч ирдэггүй гэж байгаа юм. 

- Таны бодлоор эдгээр таван зүйлийн алийг нь Монголын өнөөгийн нөхцөлд товойлгох ёстой вэ?
- Монголд өнөөдөр эдийн засгийн хөгжлийг л онцолж үзэхээс өөр арга байхгүй. Ядаж дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээг 10 мянган доллар хүргэчихээд дараагийн асуудлаа ярихгүй бол хоосон байхад баялгийн шударга хуваарилалтын тухай номлолын хэрэг байхгүй.Мөнгөтэй хүн чинь эхлээд эрүүл мэнд, боловсролдоо анхаардаг. Дараа нь эрүүл зөв хэвшилтэй болж ухамсрын өөрчлөлтөд ордог юм байна л даа.

Хоосон байхад баялгийн шударга хуваарилалтын тухай номлолын хэрэг байхгүй шүү дээ

- Эдийн засгийг хэт товойлгоод явчихаар хүмүүс боловсроогүй, соёлжоогүй байхдаа мөнгөтэй болж соёлын шок болдог гэдэг. Ийм жишээнүүдийг ч бид ярьдаг шүү дээ. Монголын хувьд хэр тохиромжтой вэ?
- Монголын хувьд эдийн засаг нь капиталист загвартай. Улстөр маань ардчилсан тогтолцоотой. Тэгэхээр энэ хоёр зүйлээс улстөрийн ардчилсан тогтолцоо маань жаахан түрүүлчихээд байна. Уг нь бол эдийн засаг нь жаахан түрүүлээд араас нь нийгмийн асуудлаа шийдээд явдаг байх л даа. Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурыг харахад эдийн засгаа өндөр түвшинд хүргэчихээд хоёрт нь улстөрийн ардчиллаа ярьж байна. Манай улсын хувьд улстөрийн ардчилал маань түрүүлж яваад дэлхийд загвар болчихоод байгаа шүү дээ. Гэтэл одоо эдийн засаг маань энэхүү улстөрийн ардчиллаа татаж унагах гээд байгаа ч юм шиг байдалд ороод байна.

Эдийн засаг маань улстөрийн ардчиллаа татаж унагах гээд байгаа ч юм шиг байдалд ороод байна

- Амжилттай жишээнүүд гэвэл дандаа эдийн засаг нь түрүүлсэн улсууд байх нь. Тийм үү?
- Тийм. Бид эдийн засгаа эхэлж хөгжүүлчихээд улстөр, ардчиллынхаа төгөлдөршил бас тэгш хуваарилалтаа яримаар байна л даа. 

- Мэдээж хүн бүр л ярьж байна. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна. Одоо яах ёстой вэ? 
- Хөрөнгө оруулалт, экспорт, дотоод хэрэглээ гурав өсч байвал эдийн засгийн хөгжил сайн байна гэж үзэж болно. 

Нөхцөл байдлыг харвал манай улсын хөрөнгө оруулалт “Оюу Толгой” төсөлтэй холбоотойгоор дөрвөн тэрбум долларт хүрч байсан ч одоо 40 сая доллар буюу нэг хувь нь л орж байна гэсэн үг. Бид нар дарга цэрэггүй л хөрөнгө оруулагчдыгаа дуудаад л, Монголын хуулийг зөрччихсөн байсан гадаадын иргэнийг ч шоронгоос гаргаад л хэрээрээ үзэж байна. Тэгтэл манай хэдэн дарга нараас хамаарч байгаа юм алга. Тэр хөрөнгө оруулагчдаас ч хамаарч байгаа юм алга. Дэлхийн нийтээрээ эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байна. Бид нараас үл хамаарсан өөрчлөлт хөрөнгө оруулалтын орчинд өрнөөд байна. 

Харин бид нараас хамаарах зүйл нь юу вэ гэхээр экспорт байгаа юм. Түүхий эдийн үнэ өсөөд хөрөнгө оруулалт ороод ирвэл сайн л биз. Гэхдээ “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгчээр хэзээ хөрөнгө оруулалт орж ирэх вэ гээд зүгээр суугаад байж боломгүй байна. Тиймээс бид хоёр дахь хүчин зүйл буюу экспортод бүтээгдэхүүн гаргах гэдэг дээр анхаармаар байгаа юм. Энэ ч үүднээс иргэн Цогтгэрэл чадах бүхнээ зориулаад үйлдвэрлэдэг бүхнээ экспортод гаргачих гээд л үзээд байна шүү дээ.  

Цогтгэрэл чадах бүхнээ зориулаад үйлдвэрлэдэг бүхнээ экспортод гаргачих гээд л үзээд байна шүү дээ

Мөн үүнтэй холбоотойгоор гурав дахь хүчин зүйл буюу дотоодын зах зээлийн хүчин чадал маань огт дайчлагдаагүй хэсэг байгаа. Манай дотоодын зах зээлд чадавх гэж зүйл огт байхгүй гэж зарим хүн үздэг. Миний хувьд байгаа. 

60 сая малтай хөдөө аж ахуйн энэ салбар маань огт дайчлагдаагүй байна. Бид нар энэ салбарыг огт мартаад, хаяад гадаадын хөрөнгө оруулалт, зэс, экспорт гээд том том зүйл яриад байгаа болохоос энэ малчдын бий болгосон зүйл гэдэг чинь маш үнэ цэнэтэй зүйл юм. 

Эдийн засаг 17 хувь хүртэл өсөхөд тэр хүмүүст огт наалддаггүй. Эдийн засаг хоёр хувь болж буухад ч тэр хүмүүс мах, гурилаа идчихээд байж л байдаг. Эдийн засгийн харилцаанд оруулж, дайчлах ёстой чадавх тэнд байна. 

Бусдын нөлөө, улсын эдийн засгийн өсөлт, уналтаас бараг хамааралгүй мөртлөө цас, бороо, зуд турхнаас хамаардаг бүхэл бүтэн салбар байна. Гэтэл энэ цас, борооноос болоод хамаг аж ахуй нь сүйрч байгаа газар манайхаас өөр хаана байна вэ. Хамгийн сонирхолтой нь, байгалиас 100 хувь хамааралтай ийм аж ахуй 1,000 жил оршин тогтночихсон байна.

Тэгэхээр үүнийг л бид дайчлах, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг бодитойгоор хиймээр байна. Яг үнэндээ, капиталист эдийн засаг, социалист эдийн засаг хоёрт чинь санаа нийлдэг ганцхан л зүйл байдаг нь эдийн засгийн өсөлт бол хөдөлмөрийн төрөлжилтөөс гарна гэдэг номлол шүү дээ. 

Хөгжил бол хөдөлмөрөө төрөлжүүлж байж урагшилдаг зүйл. Хөдөлмөр төрөлжсөнөөр бүтээгдэхүүний чанар сайжрах юм байна, тэр талын мэдлэг, мэдээлэл сайжрах юм байна, мэргэшсэн хүмүүс бий болж улмаар бүтээмж сайжрах юм байна гэдгийг аль аль нь хүлээн зөвшөөрдөг. Тэгэхэд манай мал аж ахуйн салбар маань төрөлжих байтугай аль дундад зууны үеийнхээрээ байгаад байна. 

Тэгэхээр бид энэ тал дээр л ажиллаж эхлэх хэрэгтэй байна. 

- Тэгвэл хөдөө аж ахуйг хөдөлгөе гэвэл хамгийн түрүүнд бид юу хийх хэрэгтэй вэ?
- Бид нар асуудлыг томоор нь харахгүй байна. 

Малаа өсгөж үржүүлэх, малын үржил, селекц, тээвэр, ложистиктоо хэрхэн шийдэх, үйлдвэр, аж ахуй нь хаана байх юм гээд нэг том систем байх ёстой. Бид энэ том зургаар нь огт харахгүй байна. Хөдөөний хэдэн малчин л гэж хараад байгаа юм. Тэнд байгаа үржил селекц, тээвэр ложистик, стандартыг нь бол бүр хаячихсан. Машинаар бол манай хөдөө аж ахуй гражад задлаад тавьсан сэлбэг шиг л байна. Үүнийг дайчилж чадвал манай эдийн засаг хэд дахин тэлэх боломж харагдаад байгаа юм. 

ХАА гэхээр мах авчирч зардаг мэтээр л ойлгоод байдаг. Гэтэл үүний цаана олж хараагүй олон бизнес бий. Бизнесийнхэн түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн болоод хэрэглэгчдэд хүрэх хүртэлх замыг тодорхойлсон өртөг шингэсэн сүлжээ гээд энгийн ойлголтыг ашигладаг. Энэ сүлжээний тухайлбал бэлэн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид хүрэх замд нэмэгдэж буй өртгийг Transaction cost гэж нэрлэх нь бий. Энэ хэмжүүр их болох тусмаа бизнесийн төрөлжилтийг заадаг. 

Удахгүй бид Япон руу “Лапша” брэндийг гаргах гэж байна

Манай ХАА-н салбарыг жишээ нь аваад үзэхэд малчнаас ченж, ченжээс эцсийн хэрэглэгч гэсэн энгийн нийлүүлэлтийн сүлжээ байдаг. Үүний шат дамжлага бүрт олон бизнесийн боломж байх ёстой. Үүнийг нь нэг талаас бид олж харахгүй байна, нөгөө талаас төр засаг нээж өгөхийг хүсэхгүй байна. Ерөөсөө бизнес хөгжсөн улс гэдэг бол ложистикийн зардал маш бага мөртлөө Transaction cost буюу биет бус, үнэ цэнэ ихээр шингэж, бизнесийн нэмүү өртөг бий болсон тийм бизнес моделийг хэлдэг. 

Ийм энгийн стандартыг нэвтрүүлэх боломжийг одоо л хангахгүй бол ХАА-гаа ахиад 1000 жил энэ чигээр нь явуулж болохгүй байх л даа. Яг одоо малчдаа анхаарч, энэ салбараа систем гэж харж ажил хийхгүй бол тэнд байгаа 145,000 малчин өрх чинь зүгээр л оюутны сургалтын төлбөрийг төлөхийн төлөө амьдарч, ажиллаж байна шүү дээ. 

- Стандарт гэснээс та бүхэн одоо бүтээгдэхүүнээ экспортод гаргахын тулд технологийн горим, стандарт гэдэг зүйл ямар чухлыг илүү ойлгож байгаа байх. 
- Тэгэлгүй яахав.

Монгол малын мах үнэхээр л органик юм бол дэлхий яагаад булаацалдаад авахгүй байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид заръя л гээд байдаг. Манай мах гоё л гээд байдаг. Бусад улс тэгж үзэхгүй байна шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл манай малын махыг аваач гээд л гуйгаад байдаг. Гэтэл яг үнэндээ манай малын мах ангийн махнаас ялгаагүй шүү дээ. 

Тэнд ууланд явж байгаа аргал, талд явж байгаа хонь, ууланд явж байгаа янгир, манай ямаа хоёрын идэж байгаа өвс, ууж байгаа усанд ялгаа байхгүй шүү дээ. 

Монгол малын мах үнэхээр л органик юм бол дэлхий яагаад булаацалдаад авахгүй байна вэ

Эрүүл үү, эрүүл. 

Гэхдээ дэлхий нийтэд чинь эрүүл мэндийн баталгаажилт, стандарт гэж нэг зүйл байдаг л юм байна л даа.  Дэлхийн Мал Эмнэлэгийн Холбооноос нь махан дээр гэхэд ямар шаардлага тавьсан байдаг вэ гэдэг стандартыг л бид хангаддаггүй. Энэ стандартыг нь хангахгүй байгаа нь манай мал өвчтэй гэсэн үг бас биш юм. Тэгэхээр махан дээр гарч байгаа энэ асуудал манай түүхий эд дээр мөн л давтагдаж байна. 

Улаан буудай гэхэд л бордоогоо ийм түвшинд ашиглаад, хорт ургамал устгах химийн бодисоо ингэж цацаад, энэ нь үнэхээр найдвартай юу гэвэл бас л баталгаажилт муутай байгаа юм. 

Дахиад л “Яг эрүүл үү” гэдэг дээр гадныхан эргэлзэж байх жишээтэй.

Жишээ нь, Удахгүй бид Япон руу “Лапша” брэндийг гаргах гэж байна. Тэд “Танайх эрүүл байх. Гэхдээ танай ямар хөрсөнд, байгалийн гаралтай ямар бордоо хийгээд, аюулгүйн горимоо хөтөлсөн технологийн дараалал хөтөлж түүнийг нь баталгажуулсан стандарт нь хаана байна” гэхээр тэр нь манайд байхгүй болчихдог. 

Орос хаяандаа байгаа Монголоос биш Өмнөд Америкаас махаа авч байна. Аргентинь, Уругвай, Парагвай гэх улсыг хамарсан Пураны хөндий гэх газар байдаг юм байна. Тэндхийн махны стандарт гэхэд, тэдэн настай малын мах, хэдэн настайд нь ямар вакцин хийсэн, идэж байсан өвс ногоо ямар сортынх вэ, хаана, ямар орчинд нядалсан юм гээд бүх дагалдах бичиг баримттай, бакет савлагаатайгаа байх жишээтэй. Гэтэл энэ шаардлагуудыг асуухаар бид нар манай мах гоё ш дээ л гээд байдаг. Энэ бүхэн чинь манай энэ системийн л асуудал болчихоод байна л даа. 

 

“ДАРГА УЛС”-ын “ДАРГА ИРГЭД” болмоор байна шүү дээ

ТЭСО корпорацийн удахгүй ашиглалтанд орох шингэн хүнсний үйлдвэрийн хажууд. ТЭСО корпорацийн Ерөнхийлөгч О.Цогтгэрэл, сэтгүүлч Ч.Болортуяа нар,

- Таны ярьсанчлан хөгжлийн тухай лавшруулаад ярихаар бүх зүйл инноваци дээр очдог гэж. Яагаад инноваци хамгийн чухал вэ?
- Улс орнуудын хөгжлийн түүх, эрдэмтдийн судалгаануудыг харахад нэг зүйл тодорхой байна.Хөгжилд тойрч угтуулж, алгасч товчилж хүрдэггүй, явсан замаар нь хойноос гүйцэж л очдог зүй тогтолтой юм байна л даа. Бусдын бүдэрч унасан нүхэнд унах ёстой бол унаж л таарна. Харин аль болох хурдан босоод хормойгоо гөвөөд чавхдах хэрэгтэй. 

Байгаль дээр ч байдаг энгийн зүй тогтол, хууль байна шүү дээ. Масс ихтэй бие харьцангуй удаан байхад, бага масстай нь хамаагүй хурдан, хөнгөн шингэн байдаг. Мэдээж олон алхмын хойно байгаа бид чинь тэгэхээр хурдан хөдлөх л ёстой болоод байна. 

Энэ яриад байгаа хурд чинь нөгөө инноваци шүү дээ. 

Монгол Улсын хүн ам цөөн, алсмагдмал байдал зэрэг нь бидний хөгжлийг хойш татаж байгаа зүйл огт биш

Түүнээс Монгол Улсын хүн ам цөөн, алсмагдмал байдал зэрэг нь бидний хөгжлийг хойш татаж байгаа зүйл огт биш. Миний бодлоор бидэнд технологийн хоцрогдол гарчихсан. Дээрээс ньбидний инновацилах сэтгэхүй тийм сайн биш. Энэ хоёр зүйл л бидний үндсэн асуудал болчихоод байна. Тэгэхээр энэ чиглэлд бид зайлшгүй анхаарч ажиллах хэрэгтэй. 

Монгол Улсын өрсөлдөх чадварыг харахад бид бусдаар сэлэм хийлгэж авчихаад сэлэм хийж өгсөн хүмүүстэйгээ л тулалдах болчихоод байна гэсэн үг шүү дээ. 

Технологи, инновацийн тал дээр бид хэрхэн хоцрогдож байгаагаа энгийнээр тайлбарлахын тулд зөвхөн төмрийг жишээ болгож харъя. 

Монгол Улсын хилээр гарч байгаа төмрийн хүдэр гэхэд тонн нь 100 долларын үнэтэй. Гэтэл бид нэг тонн арматур нэг сая төгрөгөөр авч байна. Бидний гарсан төмөр 10 дахин үнэтэй болоод эргээд ороод ирж байна. За цаашлаад, бидний сайн мэддэг “УАЗ -469” гэж машин байдаг. “УАЗ -469” машин хоёр тонн жинтэй. Хорин сая төгрөгний үнэтэй. Хоёрт хуваахаар 10 сая төгрөг. Тэгэхээр нөгөө бидний 100 мянган төгрөгний үнэтэй төмөр хамгийн энгийнээр арматур болоход нэг сая төгрөг, хамгийн бүдүүлэг машин болохоороо 10 сая төгрөг, дахиад “Ланд Крузер” машин болохоороо 200 сая. Хоёрт хуваахаар 100 сая төгрөг болдог юм байна. Бүр цаашилбал нэг тонн iPhone утас ямар үнэтэй болох вэ. 

Бид бусдаар сэлэм хийлгэж авчихаад сэлэм хийж өгсөн хүмүүстэйгээ л тулалдах болчихоод байна 

Энэ их үнийн зөрүүний цаана ердөө л мэдлэг, инноваци, технологи л байгаа шүү дээ. Бид бусадтай 100 дахин, 1,000 дахин, сая дахин зөрүүтэй хэлцэл хийх гээд л зогсож байна гэсэн үг. 

Гэхдээ л бид ийм том зүйл яриад хямраад байлгүйгээр чадан ядан экспорт л хийх хэрэгтэй байна. Өөр арга алга. 

Хэзээ нэгэн цагт Монголд Чингис хаан буцаж төрөөд Монгол Улс сайхан болохгүй учраас яг өнөөдрөөс л бид эхлэх хэрэгтэй. 

- Хоёр тонн жинтэй зайрмагны аяга үйлдвэрлэдэг машиныг 100 кг хүртэл жижигрүүлээд өндөр үнэ хүргээд зарсан чинь л уг нь маш мундаг инновацийн жишээ юм шиг. 
- Тийм ээ. Гэтэл ТЭСО энэ үеэсээ ухралт хийчихсэн байгаа байхгүй юу.

Одоо бид Европ, Тайвань, Япон, Хятадаас бэлэн үйлдвэр оруулж ирээд л бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Гэтэл анх бид чинь үйлдвэрийн төхөөрөмжийг нь үйлдвэрлээд зарж үзсэн компани шүү дээ. 

Угаасаа инноваци, шинэ санаачлага талд манай улс бүр 10 алхам хойно явна. 2300 жилийн өмнө Архимед гээд философич “Тулах цэг өгвөл дэлхийг эргүүлье” гэж хэлж байсан гэнэ лээ. Яг үүн шиг өнөөдөр нээлттэй байдал, интернэтийн боломж асар том тулах цэгийг бидэнд өгчихөөд байна. 

- Тэгвэл бид яаж бүтээгч улс болох вэ?
- Хятад руу гаргаж байгаа яг энэ ундаанаас бид 30 хувийн татварыг бид тэдэнд төлдөг. Бусад орнууд ийм байдлаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байна. 

Гэтэл Монголд түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн орж ирэхдээ яг л адилхан татвар төлдөг. Уг нь бол эцсийн бүтээгдэхүүн хилээр орж ирэхэд 30 хувийн татвартай бол хүн дотооддоо ядаж савлагаагаа хийгээд зарахыг бодно биз дээ. Энэ мэтээс эхлээд үйлдвэрлэл хөгжих учиртай. Наад захын төрийн бодлого чинь л энэ шүү дээ. 

Иймээс бид үнэтэй юм заръя гэж байгаа бол жаахан мэдлэг шингэсэн зүйл зарах хэрэгтэй болж байна аа даа. Ингээд харахаар Монгол Улс маань сэтгэхүйн хувьд ч, амбицийн хувьд ч яагаад “Дарга” улс болж болохгүй гэж. Тэгэхгүй л бол бидэнд ирээдүй алга байна. 

Өрсөлдөгчөөсөө бага орлоготой, бага хүн амтай, технологи, инновациар хоцрогдонгуй, байгаль цаг уурын хүнд нөхцөлд байдаг бид энэ чигээрээ хэзээ хөгжингүй оронтой өрсөлдөх вэ. 

Нэг сонирхолтой судалгаа байдаг даа. Чиний найз нар чинь 150 мянган ам.долларын цалинтай, чи өөрөө 100 мянган төгрөгний цалинтай байх эсвэл найз нар чинь 20 мянган доллар, чи өөрөө 30 мянган долларын цалинтай байх аль хувилбарыг нь сонгох вэ гэсэн судалгаа байдаг. Гэтэл ихэнх хүн хоёр дахь сонголтыг сонгосон байгаа юм. Тэгэхээр энэ хөгжлийн асуудал чинь ямар нэг тоон үзүүлэлт биш, материаллаг зүйл биш юм байна. Сэтгэл зүйн хандлага, сэтгэлийн таашаал, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн өөр үнэлэмж рүү явчихаж байгаа биз. Тэгэхээр монголчууд бид бүгдээрээ дарга болох дуртай улс. 

Бид бүгдээрээ болсон болоогүй ноён зантай. Тэгвэл бүгдээрээ л ноён болъё л доо.

Бид бүгдээрээ болсон болоогүй ноён зантай. Тэгвэл бүгдээрээ л ноён болъё л доо. Харин ноён болохын тулд яах ёстой вэ. Хамгийн наад зах нь багадаа хоёр хэлээр ярьчихдаг, ном уншдаг, гурван хүн удирдаад явчих чадвартай, санхүүгийн наад захын баланс уншчихдаг мэдлэгтэй л хүн байх ёстой биз. “Дарга” гүрэн л болъё л доо. 

- Бүтээгч улс болох тухай онолыг та их гоё Монголчилж буулгажээ. 
- Бид нар бүгдээрээ л дарга болох дуртай улс биз дээ. Дуртай юмаа хийнгээ амьдралаа өөдтэй авч явах шиг сайхан зүйл өөр байна уу. Бид гуравхан саяуулаа. Бүгдийг хийж чадахгүй. Тэгэхээр бүгдээрээ л “Дарга” болъё. Гэхдээ жинхэнэ “Дарга” нар шүү. 

Ингээд хэлэхээр ахиад л баахан шүүмжилнэ, зөндөө олон тайлбар хэлнэ. Хоёр том хөршийн дунд, ийм цөөхөн хүн амтай байж яаж “дарга улс” болох вэ гэж.

Бид л ингэж бодоод, энэ бодлоо хөдлөшгүй хувь тавилан гэж итгээд байгаагаас ийм байх ёстой юм. 

Нэг ангийг аваад харахад хамгийн том биетэй нь ч юм уу, эсвэл даргын хүүхэд ч юм уу, эсвэл бүр баян нь ангийн дарга болдоггүй биз дээ. Хэн сэргэлэн нь, авхаалжтай нь, хэн удирдан зохион байгуулж чаддаг нь дарга болдог. 

Яг үүн шиг улсуудын дарга байхын тулд заавал их хүн амтай, заавал том эдийн засагтай, заавал их зэвсэгтэй ч байх албагүй. Харин хамгийн их авхаалжтай, сэргэлэн, хурдтай, ухаантай л байхад болно. Тэгвэл бид чадах юм биш үү. 

Жирийн ажилчны хүүхэд сэтгэснийхээ ачаар дэлхийн хамгийн баян хүн болж болдог, сумын сургуулийн хүүхэд хичээж чадвал дэлхийн ТОП сургуульд сурч чаддаг ийм нийгэмд бид амьдарч байна. Би ч гэсэн ялгаагүй, сумын сургуульд эсгий гуталтай алхаж явсан бол одоо экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байна шүү дээ. 

 

Эх сурвалж: http://ikon.mn/