БӨХ БОЛОХ ШАХСАН НЬ

Тэнхээт эрс, тэнгэрлэг хүлгээрээ алдартай Тэсийн л хүү юм чинь бас бөх болно гээд явж л байлаа. Энэ сайхан нутагт төрсөн хүү болгон барилдах дүйтэй байдаг нь байгаль цаг уур, газар орных нь нөлөөнийх биз. Манай нутаг чинь өвөлдөө хасах тавь хүрч хүйтэрч, зундаа нэмэх тавин градус хүртэл халдаг, элс, улиасан дундах таван сайхан голтой. Шим тэжээл ихтэй чацаргана жимс зэрлэгээрээ ургана. 5 сар гаруут л цас хайлаад эхлэхтэй зэрэгцэн Үхэгийн голын усанд сэлж эхэлдэг бид чацаргана идэж, голын хөвөөний зөөлөн хөрсөн дээр бэртэх гэмтэхийг бодолгүй эр бяраа үзэж өссөн багачууд бөх болохоос ч өөр замгүй юм. Энэ замыг би ч бас тойролгүй дайраад л гарч.
Манай сумын биеийн тамирын багш Чойжилсүрэн гэж хөдөлгөөнтэй, сэргэлэн сайхан хүн байлаа. Бумбаяр заан, Чулуунбаатар харцага, Мөнхжаргал начин гээд олон мундаг бөхчүүдийн анхны багш нь. 1988 онд байх даа, багш “за Цогоо аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд явнаа. Очиж 13-14 насныхантайгаа барилдана даа” гэлээ. Ингээд л аймаг руу очоод үзлээ дээ. 32 хүүхэд барилдснаас уналгүй түрүүлчихлээ. Хойтон нь ч бас 32 хүүхдээс уналгүй түрүүллээ.
2 жил дараалаад аймагт түрүүлчихсэн, “аварга” л байгаад байдаг. Бөх болохоор төлөвлөчихсөн хүн, хүзүү гараа хөдөлгөөд л, хөөрөөд яваад байдаг, харин аав л нэг ёозгүй. Тэгсэн нэг өдөр хэлж байна. “За, миний хүү, сайхан барилдаж түрүүлж байна. Сайн байна. Гэхдээ нэг гэрээс 2-оос илүү бөх байгаад яах вэ?. Наадмын түрүүд чинь нэг л хүн үлддэг юм” гэсэн агуулгатай үг хэллээ. Хоёроос илүү гэдэг нь том ах Сайнбуянг хэлж байгаа юм. Сайнбуян ах чинь бас тэрхэн үедээ мундаг бөх байлаа. Сумандаа хэд хэд түрүүлчихсэн, аймгийн заан цолтой. Даанч гэм нь өөрөө ч нэг их хичээж, бэлтгэл сургуулилтандаа анхааралгүй “зөнгөр”-төөд орхичихсноос илүү том цолтой бөх байхыг ч үгүйсгэхээргүй л байлаа. Ингээд л аавын үгийг дагаад бөхөө орхиж, хичээл номдоо шамдаж, олимпиад уралдаан тэмцээнд бэлдэж эхэлсэн дээ. Ингэж би гэдэг хүн унаж үзэлгүйгээр бөхөөс “зодог тайлав” аа. Над шиг ийм тохиолдол байдаг ч юм уу?, үгүй ч юм уу? бүү мэд. Хүмүүсийг бөхөөс шантарч, ялагдаж больсон л гэж сонсож байснаас яг ид амжилттай байхдаа больсон доо гэж та ч бас дуулаагүй л байлгүй. Сүүлд сургуулийн 80 жилийн ой болж байхад багш маань аймгийн аварга болж байсан, амжилттай барилдаж байсан гээд өргөмжлөл, сертификат хадгалуулж байсан.
Намайг яг ид үеийнхэндээ “баавар” явахад минь унаад үлддэг, ийм л бөх хүү болно доо гэж бодож явсан хүмүүсийн тоонд чинь одоогийн улсын арслан Ганбат бас байж байсан гэж байгаа юм штээ. Ингэхээр чинь 76 оны луутангуудтай бас барилдаж явлаа даа гээд яривал үгүйсгэхээргүй байгаа биз дээ. Үе тэнгийн, цугтаа барилдаж явсан гээд Ганбатыг бас их дэмжинээ. Төрийн наадамд түрүүлж, түмнээ баясгасан нь бахархалтай ч аварга болж чадаагүй нь жоохон харамсалтай санагддаг. Хүний төлөө сэтгэлтэй, нутгаа гэсэн зүтгэлтэй (Баруунтуруун сумын нутгийн зөвлөлийн дарга), хүн чанартайгаас болж бас төрийн наадамд түрүүгээ алдчихсан ч байж магадгүй мэт санагддаг юм. Нарийныг нь ч яаж мэдэхэв.
Намайг том бөх явахад надад даруулж байсан бас нэг бөх чинь аймгийн арслан Юнэрэнгийн Баттогтох шүү дээ. Батуна маань сургуулийн дотуур байранд төмрөөр гантель гагнуулаад хийчихсэн, бэлтгэлээ хийж байдаг байлаа. Өөрөө зүтгэж, дуртай зүйлдээ бүхнээ зориулж, бэлтгэл сургуулилтаа сайхан хийсний дүнд аймагтаа түрүүлж, улсын цолонд дөхөж очиж, их спортоор хичээллээж, өндөр амжилт үзүүлсэн дээ. Одоо ч гэсэн найз минь бөхөөсөө холдолгүй Баасанхүү, Ням-Очир, Ганзориг гээд олон сайхан шавь нараа бэлдээд явж байна. Энэ хавар шинээр нутагт явахад 3-р багт Сумьяагийн Баярсайхан гээд залуутай таарахад Батунагийн маань дотуур байранд гар хийцийн гантель өргөж байсан нь санаад бас орж байв. 
Ингэхээр хүн цаашид юугаар хоол олж идэх, ямар хүн болох нь цаанаасаа зурагдчихсан ч байсан юм шиг. Би тэгээд аавынхаа үгийг тоолгүй, бөх болноо гэж зүтгэсэн бол Батунаа шигээ бөх болж чадаа ч уу, үгүй ч үү?