ЯРИАНЫ ТОЙМ
ХУДАЛДААНЫ ЯАМ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ
- Худалдааны яам заавал байх ёстой. Чөлөөт худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогуудыг гаргаж ажиллах ёстой.
- Өнөөдөр худалдааны асуудлыг Хүнс хөдөө аж ахуйн яам дэргэдээ хариуцдаг.
- Бүх статистик, тоо баримтаа харахаар манайх худалдааны том байгууллагуудын нэг нь яах аргагүй мөн. Гэтэл бидэнтэй бодлогын асуудлаар уулзья, ярья гэж байсан тохиолдол үнэхээр ховор.
ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ
- Fortune, Forbes зэрэг сэтгүүлүүд бизнесийнхнийг төрөл бүрээр жагсааж, эрэмбэлдэг. Би 2012, 2013 онуудад энэ сэтгүүлүүдийг гадаадаас захиж авчруулаад, УИХ-ын гишүүдийн хаалгыг цохиж цаг авч орж уулзаад, энэ сэтгүүлүүдээ тараагаад явангаа эдийн засгийг сайжруулах 10-аад саналыг танилцуулж байсан.
- Үүний нэг нь гэхэд энэ сэтгүүлүүд шиг ил тод байдлын тухай санал. Монголын бизнесүүдийг бүгдийг нь эрэмбэлье. 2000 биш юм аа гэхэд ядаж Fortune 500 гэдэг шиг 500 компанийг жагсаачихья гэсэн санал юм.
- ТОП-100 гээд зуухан компанийг хагас дутуу тоо мэдээлэлгүйгээр жагсаадаг. Яг ямар үзүүлэлтээр яаж жагсаасан гэдэг нь ч ил тод биш байдаг.
- Харин Fortune 500 бол борлуулалтанд үндэслээд хувьцаа эзэмшигчдэд ногдож буй ашиг, төлсөн татвар гээд бүх үзүүлэлтийг нь ил гаргаад тавьчихдаг.
- Өнөөдөр байгаа Компаний тухай хууль, Нууцын тухай хууль дээр юуг нууц байлгах вэ? гэдгээ компани өөрөө тогтоочихдог учраас түүнд нь ороогдоно гээд ил гаргадаггүй тал бий. Тэгэхээр тэр хуулиндаа бяцхан өөрчлөлт хийх шаардлага байдаг.
- Хувь хүний эрүүл мэнд бол нууц. Аж ахуйн нэгж бол улсад тусдаа бүртгэлтэй, тусдаа суббьект шүү дээ. Өнөөдөр эзэн нь нэг хүн байхад маргааш нь хэн ч байж болно. Зарагдаж хөдөлж байдаг тийм зүйл.
- Ялангуяа хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг тэр системийг хөгжүүлье гэсэн хирнээ тэр тоонууд нь нууц байхаар мэдээж хөрөнгийн зах зээл нь хөгжихгүй шүү дээ.
- Хууль нь ил тод байх нөхцлийг хаагаад, нуугдаад бай гэдэг байдлыг үүсгэчихсэн учраас улам бүр нууц болоод байна
ТАТВАР БУУРУУЛЖ, СУУРИА ӨРГӨТГӨХ ШААРДЛАГА БИЙ
- ЭЗ-ийг сайжруулах 10 саналын дараагийнх нь гэхэд нэмүү өртгийн татварын 2 хувийг буцаан олгооч ээ гэдэг санал байсан.
- Энэ нь уг нь гадаадад арай өөрөөр байдаг систем. Хувь хүн цалингаа авахдаа татвар төлчихдөг, бараа худалдан авахдаа татвар төлчихдөг. Энэ хоёрын давхардуулж төлснийг жилийн эцэст буцааж авдаг. Америкчууд жилийн эцэст татварын буцаалт /tax refund/-аа аваад, худалдаа үйлчилгээгээ хийж, 13 дах сарын цалин шиг бөөн баяр болдог байхгүй юу?
- Ил тод байх нэг хөшүүрэг нь ард түмэн өөрөө төлсөн татвараа өөрөө нэхэх юм.
- Ямар ч татвар байсан компаниуд үйлчлүүлэгчээс аваад улсад дамжуулж л төлж байгаа юм байхгүй юу? Энэ дамжуулж төлж байгаагаа баталгаажуулж, тэр хүн дамжуулж төлдөг газраас нь юмаа авдаг байх шударга нийгмийг бий болгохын тулд тэр төлдөг дүнгийнх нь 2%-ийг буцааж ав гэдэг санаачлагыг бий болгосон юм.
- 1981-1989 онд Роналд Рейген ерөнхийлөгч байхдаа татваруудаа 2 дахин багасгасан. Ингэснээр татвар төлдөг суурь нь 3,6 дахин ихэссэн. Америк л гэхэд ерөөсөө төлдөггүй хэсэг маш их байжээ.
- Тэр санаачлага дотор НӨАТ-ыг 10% биш 3% болгоё гэсэн санаачлага явж байлаа.
- Монгол өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлэх бол маш чухал сэдэв. Ялангуяа НӨАТ-ыг бүгдэд нь хамруулах үүднээс, ялангуяа гадаадынхан ирж шоппинг хийж, дотоодын үйлдвэрлэлийн барааг худалдаж авч байх үүднээс 3% байвал хамгийн зохимжтой юм. Ингэснээр бүгд хамрагдаж, инфляци багасч, эдийн засгийн өсөлт сайжирна.
- Бүгд хамрагддаг болсны дараа 5% болгоод 7% болгож болно. Сингапур ийм л замаар явж байгаа.
ТАТВАРЫН ЯЛГААТАЙ БОДЛОГО
- Дотоодын үйлдвэрлэлийг сайжруулахын тулд татварын бодлого ялгаатай байх ёстой. Энэ нь үндсэн татвар гэхээсээ илүүтэй онцгой татваруудаараа зохицуулалтууд хийх ёстой.
- Монголд үнэхээр үйлдвэрлэх гээд сэлбэг материал юмнууд авчирч байгаа бол үйлдвэрлэл гэдэг нь skd, ckd гээд олон ангиллуудыг ялгаж ойлгох хэрэгтэй.
- Үйлдвэрлэл гэдэг нь semi knocked down гээд хагас задалчихсан юмыг үйлдвэрлэл гэж үзэх юм уу? complete knocked down буюу бүрэн задалсан юмыг түүнийхээ дор хаяж тэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэсэн юмыг авчирж үйлдвэрлэл, угсралт хийхээр бол гэж байвал үүнийг яалт ч үгүй татвараас чөлөөлөх ёстой.
- Тамхины үйлдвэрлэлийн талаар нэг сонин жишээ байдаг юм. Монголд тариаг нь тарихгүй, цаасыг нь хийхгүй, юу нь ч байхгүй байхад бэлэн юмыг авчраад савласныг үйлдвэрлэл гэж үзээд тавхан хувийн татвартай болгоод бусдыг нь гучин хувийн татвартай болгочихож байгаа юм. Нэг бодлын сайн юм шиг мөртлөө, нөгөө бодлын өөрийгөө хуурсан юм л болчихоод байгаа юм.
- Манай татвар өндөртөө орохгүй, гэхдээ бас багадаа орохгүй. Зарим орнууд, жишээ нь Америкт гэхэд 3 муж нь огт татвар байхгүй. Sales Tax буюу НӨАТ байхгүй мужууд хэд хэд бий. Бодлогоороо тэр мужаа хөгжүүлье, тэр муж нь ч бусад мужуудтайгаа ингэж байж өрсөлдье гээд өөрийнхөө бодлогыг гаргаж ирээд байна.
- Сингапур ч юм уу, Хонконг ч юм уу ямар ч татваргүй улс орнууд байна. Араб дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа улс л гэж байна, Арабын Эмират чинь ямар ч татваргүй улс. Иймдээ ч аялал жуулчлал нь хөгжөөд түүнийхээ эргэлтээр болоод явж байна.
- Өнөөгийн нөхцөл байдлыг хараад байхад манай татвар ихдэж байна уу? гэж надад бол бодогддог.
- Үйлдвэрлэж буйтай адил бэлэн бүтээгдэхүүнийг авчирч байгаа бол түүнд өндөр татвар оногдуулах ёстой.
ҮРЭЛГЭН ТӨР
- Нэгтээс тавьтын төгрөгөө үйлдвэрлэхээ больчихъё. Түүний оронд бараг тавин мянгатын дэвсгэртээ үйлдэрлэж болно.
- 2012 оны үед тооцоход нэгтээс тавьтын төгрөгөө үйлдвэрлэхээ болих үед Монгол улс 60 тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцоо гарч байсан. Одоо бол бараг 120 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ.
- 1 ширхэг төгрөг бол 1 төгрөгний үнэтэй. 1 төгрөгийн өөрийнх нь зардал тухайн үед 100 байсан бол одоо 200 төгрөгийн өртөгтэй бараг болсон байх.
- 1 төгрөгийн цаас байна уу? хундага байна уу? 200 төгрөгөөр үйлдвэрлэчихээд 1 төгрөгөөр зардаг бизнесмен энэ дэлхийд байхгүй шүү дээ.
- Тэгэхэээр үүнийг зүгээр болиход 100 тэрбум төгрөг хэмнэнэ. Энэ чинь бараг Ноён уулаа ухахаас илүү ашиг олно гэсэн үг.
АГУУЛГАТАЙ ХОЛБОГДОХ АСУУДАЛ
Ш.Баярсайхан захиралтай хамтран хийсэн ХЭРВЭЭ ТА агуулгынхаа яриан дунд ч хэлж байсан, татварын тухайх бодлоосоо хуваалцая. Манай улс төрч, бодлого боловсруулагчид бид “дөрвөн 10-ын татвартай” дэлхийн улс орнуудтай харьцуулахад татварын ачаалал багатай гэж их ярьдаг. Тэгвэл манай татвар ба ДНБ харьцаа нь 34 орчим хувьтай байдаг. Жилд шинээр бүтээгдэж буй баялагийн 1/3 нь төрийн оролцоотой, түүгээр дамжин хуваарилагдаж байна. Энэ нь тэгээд харьцуулвал Скандинавын орнуудаас л бага байх, бусдаас бол бараг их талдаа шүү.
Ойр тойрны л гэхэд Хятадад 20 хувь, Орост 19,5 хувь, Сингапур, Хонгконгт 13-14 хувь байна, энэ харьцаа. Өөрөөр хэлбэл бид жилд бий болсон баялагаасаа төрд тушааж буй татварын хэмжээ нь эдгээр орнуудаас 2-3 дахин их байна. Манай улс төрчид өөрсдийнхөө тойрогтоо анхаарч дэмий зүйлд хөрөнгө оруулалт хийдэггүй гэж итгээд, төсөвт тэдний тусгасан хөрөнгө бүр улсын хөгжлийн төлөө байдаг гэж бодоод, зураг төсөвтэй үр ашигтай тооцоо судалгаатай төсөв баталдаг гэж итгээд, сонгуулийн жил гэж бодсондоо биш ажлаар буцалсан жил байгаасай гэж хүссэндээ энэ жилийн төсвийг ийм цамаан баталжээ гэж найдаад “дөрвөн 10-ын татвар”-аа хүлцэж орхиж болно.
Гэтэл үүн дээрээ нэмээд жил бүр 10-аас доошгүй хувийн инфляци, жилийн 20%-ийн хүүтэй зээлийн дарамтыг манай бизнесүүд үүрч байгаа. Зөвхөн сүүлийн 4 жилээр харьцуулахад өнөөдөр 2700 байгаа америк долларын эсрэг манай төгрөгийн ханш 100% уначихаад байна. Ингээд бүдүүлгээр хооронд нь нэмбэл Монголын бизнесийнхний татвар, биет бус татварын ачаалал жилд 100% үүрч байна. Гэтэл ийм ашигтай бизнес хэд билээ? Ийм их дарамтыг даваад гарах боломжууд хэр их байгаа билээ? Ингэн, ингэн зүтгээд төлөхөд түүнийг маань төр засаг нь зөв зүйлд зарцуулж чадаж байгаа бил үү?
Угаасаа манайхан, төр засаг талаасаа олон тоо мэддэггүй юм шиг нэг болохоор 10%, үгүй бол болохоор татвараас чөлөөлнө гэсэн аргаар өнгөрсөн 30 жилийн лавтайяа туулж. Өшөө цаашаа хэдэн оныг ингэж туулах юм, бүү мэд. Гэтэл урдхан байгаа, Хятадад гэхэд НӨАТ-ын татвар 0-30 хувь хүртэл хэдэн янз байна. Тухайн бараа нь ямар бараа болох, хаана зарагдахаас хамаарч энэ хувиуд нь дээшээ доошоо явдаг оньсон тоглоом шиг, тийм системтэй юм билээ.
Үүнийг олон жил бодож, өөрчлөхийг хүсэж явдгийн хувьд ЕС-ын зөвлөх үедээ хөндөж тавьж, ЕС-аар энэ асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулуулж байв. Сангийн яам, гааль, татвар, статистикийн газар зэрэг байгууллагуудаас бүрдсэн манай ажлын хэсгийнхэн онол ном, ойр тойрны улс орнуудын татварын ялгаатай бодлогыг судлаад эхэлж байтал засаг ч огцорч, тэр ажил тэгсгээд зогссон доо.
Ш.Баярсайхан захирлын ярианд Роналд Рейганы татварын реформын тухай дурдагдсан. Одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп урианаас эхлүүлэн хэрэгжүүлсэн бодлогыг нь хүртэл нэвт хуулж буй түүний хийсэн өөрчлөлт бол татварын хувь хэмжээг хэд хэд дараалан зоригтойгоор бууруулсан явдал юм. Үүний үр дүнд татварын орлого нэмэгдсэн нь тухайн үеийн эдийн засгийн хүндрэлийн үед нүдээ олсон ажил болж байв. Ийм арга хэмжээг авах шаардлага магадгүй манайд байгаа юм биш биз?
Үүний онолын үндэслэлийг жоохон тайлбарлах гэж оролдъё. Нэг шатлалт татварын системийн онолд татварын хувь хэмжээг оновчтой тогтоож чадвал татварын орлого ихэсдэг тухай Лафферын муруй гээд ойлголт байгаад байгаа юм. Гэлээ ч бас татварын хувь хэмжээ оновчтой хэмжээнээс буурвал орлого багассаар татвар 0% байвал юу ч авахгүй гэсэн санааг мөн уг томьёололд бий. Түүн шиг татварын хувийг нэмсээр оновчтой хэмжээнээс хэтрэхэд татвар төлөгчид татвараас зугтах гэх мэт сөрөг үр дагаврууд гарч орлого буурч эхэлдэг бөгөөд тодорхой хувиас илүү бол огт татвар авахаа болино гэсэн мөрдлөгөө ч мөн гардаг. Энэ оновчтой хэмжээ нь олон хүчин зүйлээс хамаарна. Хүн бүр нь аз жаргалтай, нийгмийн халамжийн систем хөгжсөн Нордикийн орнуудад оновчтой хувь 50 хувиас өндөр байж магадгүй байхад манайх шиг зах зээлийн харилцаа шинэ тутам хөгжиж байгаа, татвараа төллөө ч хүртэх үр ашиг бага улс орнуудын хувьд татварын орлого хамгийн их бага оновчтой цэг магадгүй 5 хувиас ч бага байж магадгүй юм. Үүнийгээ судалж, үндэслэлтэй тогтоох нэг ажил манайханд, бодлого боловсруулагч нарт уг нь байгаад л байгаа юм даа.