Аяны тухай тэмдэглэл: Шинэ Тэмүүлэл /2015/ сэтгүүлд ингэж буужээ.
“Одооны хүүхдүүд бүр ном уншихаа больжээ...” гэж халаглах хүмүүс захаас аван таарах болжээ. Гэтэл номын дэлгүүрүүдийн хүүхдийн тасаг улам л өнгөтэй, улам л олон төрлийн сонголттой болоод байгааг юу гэж ойлгох вэ? Уншигчид байгаа болохоор л энэ олон янзын номууд хэвлэгдэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ бас нэг асуулт байна аа? Хүн амын тэн хагас нь нийслэлд төвлөрсөн энэ цаг үед хөдөөгийн хүүхдүүдэд номын хүртээмж хэр байна вэ? БШУЯ-наас “Ном” нэртэй тусгай хөтөлбөр хэрэгжүүлж буй ч хөдөөгийн номын сангууд хуучины номтойгоо хамт хуучирсан хэвээр л байна.
“Сумын номын сангийнхаа хамаг номыг дуусгасан” гэж ирээд л даналзаж өгдөг хүн манай үед олон. Ингэж даналзахгүй ч сургуулийн номын сангаа тун дөхүүлчихсэн хүний хувьд хэлэхэд хөдөөний номын сан тун цөөхөн номтой, Лениний боть гэх мэт үзэл сурталын номууд ихээхэн зай эзэлдэг нь нууц биш. “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” гэж зурагт номыг зунжин бие биенээсээ эрэл сурал болж байж уншсанаа Зүүнговьд сурч байсан нэг үеийнхэн санаж л байгаа байх. Одоо ч байдал дээрдсэн янзгүй л байна. Ном унших хүсэл, боломж хөдөөгийн хүүхдүүдэд хотынхныг бодвол их. Нийгмийн элдэв сатааруулах хүчин зүйл харьцангуй багатай учраас төвлөрч суугаад ном унших соёл магадгүй хөдөөд л хүчтэй хэвээр үлдсэн. Гэтэл хүүхдүүддээ юу уншуулах вэ?
Энэ асуудалыг “Шинэ тэмүүлэл” нэртэй төрийн бус байгууллагынхан олж харжээ. Олж хараад зогсохгүй Увсын хүүхдүүдэд унших номтой болгох үр дүнтэй аргыг ашигласныг хараад олзуурхахгүй байж чадсангүй. "Ice Bucket Challenge" буюу “Мөстэй усны сорилт /дуэль/”-ыг анх АНУ-ын "ALS Association" сангаас хандив цуглуулах зорилгоор эхлүүлсэн нь сайн үйлсийн Пирамидын төгс загвар болсон билээ. Харин “Шинэ тэмүүлэл” ТББ их загварыг ашиглан Увсын хүүхдүүдэд нм цуглуулж өгөв.
Сар гаруйн хугацаанд өрнөсөн BOOK CHALLENGE аянаар 35 мянга гаруй ном цугларсныг Увс аймгийн 29 дунд сургуульд хүлээлгэн өгсөн байна. Сайн санааны аянд хүмүүс өөрт хэрэггүй, бусдад ч хэрэггүй зүйлийг илүүчилж, оролцсон нэр зүүдэг бол BOOK CHALLENGE аян тийм байсангүй. Хүн бүр хүүхдэд хэрэгтэй, цаг үетэй хөл нийлүүлсэн, эвэл дэлхийн сонгодог ном өгөхийг эрмэлзэж байсан нь аян үр дүнтэй болох бас нэг шалтгаан байв.
Үр дүнд нь Увсчууд хүүхдийн баярын өдрөөр Ю.Цэдэнбал даргынхаа талбайд есөн метр өндөр номон сац суварга босгов. Номыг нь алаг эрээн болтол нь хэд дахин уншиж, үүр цүүр болтол бичгийн ширээндээ ажилладаг байсан их удирдагчийн хөшөөтэй зэрэгцэн өндийсөн уг сац суваргыг босгосон номууд удахгүй Увс аймгийн өнцөг булан бүрт, уншигчдын гар дээр очсон. Аяны зохион байгуулагчдын зүгээс номоо зөвхөн хүргэж өгөөд буцахгүй, уншигчийн дэвтэр тарааж, тэргүүний уншигч хүүхдийг тэмдэглэлийг нь үндэслэн шалгаруулахаа мэдэгдэв.
Өвөр Монголын нэрт яруу найрагч Т.Энххад нэгэнтээ Улаанбаатарт хүрэлцэн ирээд, “Ном дотор зам бий...” хэмээн дуу алдсан юм. Үнэхээр ч өнгөрсөн түүхийн сургамж, ирээдүйн үйлс цөм номонд шингэсэн. Түүнийг тайлж уншсан хүний гарт л шударга, бүтээлч амьдралын түлхүүр атгаатай байдаг нь үнэн юм.
Аяны тухай тэмдэглэл: Одоо, Нутагтаа /2016/ сэтгүүлд ингэж буужээ.