Банкны зээл, хүүгийн асуудал өнгөрсөн 30 жил Монголчууд бидний хоолойд тулсан хамгийн том асуудал явсаар ирсэн. Даанч хэлэхэд билэггүй мэт санагдах хэдий ч дараагийн 30 жилд ч гэсэн дахиад л бидний номер нэг асуудал байх болов уу? гэж би эмзэглэж явдаг. Уг нь хүү нь буураад, хүртээмж нь ихэсвэл хүн бүрт, компани бүрт өгөөжөө өгч, энэ улс орны хөгжил, маргаашийн сайн сайханд хичнээн дэмтэй билээ дээ? Гэвч тийм болохгүй байх нэг том үндэслэл байна.
Камерын нэг буланд Монгол банкны байшин, хаяг үе үе харагдаж, нөгөө буланд Санхүүгийн зохицуулах хорооны өнцөг ганц нэг орж гарч байх тэр эгшинд Д.Ангар захирлын маань хэлсэн санаа, түүний дотроос ундран гарах хүсэл зоригтой би 100% санал нийлж байна. Түүний хэлснийг тоймлон өгүүлбэл эдийн засгийн харилцаанд оролцож буй суббектуудыг “өлсгөх” бодлогыг төв банкны зүгээс хэрэгжүүлээд өгөөч ээ гээд байх шиг санагдаж байлаа. Төв банк бодлогын хүүгээ бууруулж арилжааны банкуудыг “өлсгөвөл” тэд залхууран хэвтэж, сул хүү Монгол банкнаас “идээд” хэвтэх биш гарч ажил хийх гээд байна гээд байгаа юм, Ангар захирал. Банкны бүх алдагдлыг төв банкны хүүгээр дараад байна гээд хэлээд байгаа юм. Харилцахын хүүг тэглээд өгчихвөл иргэд чөлөөтэй дансны үлдэгдэл хүү хүртэх гэж биш хөрөнгийн зах зээл руу хөрөнгө оруулж, бодит бизнес, компаниуд руу мөнгөө оруулж эхлэх гээд байна гээд байгаа юм, Ангар захирал. Мөн компаниуд харилцахын сул мөнгөндөө хүү “идэх” гэж биш, дараагийн төсөл хөтөлбөрүүд, боломжуудаа хайж эхэлнэ гэж хэлээд байх шиг байгаа юм, мань эр.
Зүгээр л амарч байгаад, хэвтэж байгаад мөнгө олдог биш зүтгэж, хөдөлмөрлөж байж болдог, бүтдэг нөхцлийг бүрдүүлье гэж байгаа нөхрийн түмэн зөв. Банкууд, компаниуд, иргэдийн мөнгө нь “өлсөж” эхэлбэл тэдний 1 төгрөг, 1 сая төгрөг, 1 тэрбум төгрөг нь өөрийнхөө өгөөжийг хайн, чөлөөтэй эргэлдэж бодит эдийн засгийг хөгжүүлнээ гэж, нөхөр хэлээд байх шиг санагдаж байлаа.
Гэхдээ сүүлийн 20 жил бодит секторт, үйлдвэрлэлийн салбарт зүтгэсэн хүний хувьд хэлэхэд бид чадамжаа дээшлүүлэлгүйгээр зээлийн хүү буурах боломжууд нь жоохон хязгаарлагдмал мэт санагддаг. Хүү бол мөнгөний үнэ. Манай төгрөг өөрөө үнэ цэнэгүй, түүнийг хадгалж, түүгээр солилцоо хийх нь тийм ч үнэ цэнэтэй, найдвартай биш учраас ханшаа торгоон барихын тулд бодлогын хүүг төв банк өндөр тогтоож байгаа болов уу? гэж боддог. Бодлогын хүү бууруулбал өөр валют руу төгрөг маань хөрвөөд ханшаа алдчихаж магадгүй гэсэн эргэлзээ л одоо ч гэсэн бий. Ярианы үеэр бид 2 энэ сэдвийг хэд хэд хөндсөн. Долларын өгөөж жилийн 1% хүртэхгүй тул хөрвөхгүй гэж нөхөр нотолж байсан. Магадгүй, тийм ч байх. Харин миний өнцөг бол яаралтай, ойрын үед эдийн засгийн урсацаа зөв тохируулан, төгрөгөө үнэтэй болгох бол зээлийн хүү, бодлогын хүүг бид бууруулж чадахгүй болов уу? гэж бодоод байгаа юм. Үүний тулд хийх бараг ганцхан алхам бий. Тэр нь экспортоо нэмэгдүүлэх.
Энэ урсац, түүний тухайх энгийн ойлголт авахуйц нэг жижигхэн бичвэрийг би бараг 4 жилийн өмнө бичиж байсан юм билээ. Түүнийгээ энэ дор хавсаргаад далимд нь бас сонирхуулчихья.
Манай Монгол орны хувьд
● Орхон, Туул, Хараа, Ерөө зэрэг том голууд нь нийлээд Сэлэнгэ мөрөн болоод Оросын хил гарч Байгаль нуурт цутгана.
● Онон, Балж, Хэрлэн гэх томоохон голууд нийлээд Хятадын хил гарч Далай нуурт мөн цутгана.
● Тийм атлаа урсаж орж ирдэг гол мөрөн байдаггүй
● Төв Азийн өндөрлөг учраас хэт хуурай, эрс тэс, говь цөл ихтэй, бороо хур багатай
● Хамаг ус гадагш урсан гараад газар нутгийн дийлэнх хэсэг нь усгүйгээс мал нь бэлчээргүй, хүн амьдрах наад захын шаардлага хангахгүй эзэнгүй нутаг их
● Ахиухан бороо хур ороход хөрс хэт хуурайгаас болж шингэхгүй үер болох тохиолдол их
Энэ хур тунадас, усны урсац түүний тохируулгыг бодох бүрт надад нэг л зүйлтэй хэт адилхан мэт санагддаг. Танд юутай адил санагдаж байна?
Манай эдийн засгийн бүтэц нь
● Нефть болон бусад төлбөрт Орос руу жил бүр 1,5 тэрбум доллар урсгадаг
● Өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдхүүнийхээ төлбөрт Хятад руу 1,7 тэрбум долларыг урсгадаг
● Нүүрс, зэсээ эс тооцвол манайх руу тогтвортой урсаж орж ирдэг валютын урсгал байхгүй
● Гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирэхэд эдийн засаг нь шингээж авч чаддаггүй
Ингээд харьцуулахаар ус, хур хийгээд манай эдийн засаг 2 бараг адилхан байгаа биз. "Би Монголтойгоо адилхан" гэдэг шиг эдийн засаг маань байгальтайгаа, устайгаа адилхан гээд байгаад л байх уу?, байсаар л байх уу? Уг нь бид чинь ухаант хүмүүс, дэлхийн түүхэнд тод мөртэй Монголчууд шүү дээ.
Онол ном эдийн засгийн үг яриаг түрхэн орхиё. Арабын элсэн цөл дунд Израйльчууд хүнсний хэрэглээгээ бүрэн хангаад экспортолж байна. Тэнд ургамал ногоог урсгаж биш дуслын системээр усалдаг болчихож. Энэ чиглэлийн тоног төхөөрөмжийн экспортонд ноёлж байна. Тэд голынхоо урсацыг тохируулж, хур бороогоо удирдаж байна. Нуур цөөрөм ч үүсгэж байна. Товчхондоо Арабын цөлийн БАЯН БҮРД-ийг хүний гараар цогцлоожээ.
Монголчууд бидэнд ч бас Төв Азийн эдийн засгийн БАЯН БҮРД-ийг цогцлоох боломж бий. Өнөөгийн хүндрэл сорилт болохоос төгсгөл биш, бид угаасаа азтай үндэстэн. Харин одоо бид эдийн засгийн урсацаа тохируулах хамгийн хүнд бөгөөд хамгийн энгийн түүхийн нэгэн шалгалтын өмнө зогсож байна.
#Хэрвээ_Та #Зүг_Чиг номноос
#Холбоотой_Дурсамж