ЗҮГ ЧИГ

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа

Оюутан ахуй цагт минь “мода” болж, одоог хүртэл сэтгэлд минь хоногшиж үлдсэн хэд хэдэн үг, өгүүлбэр бий. Олон ч хэвлэлийн нүүр дамжиж ишлэгдсэн “Тансаг”, “Хонгилын үзүүрт гэрэл гарлаа” гэсэн уг үгнүүдийн хэлэгдсэн орчин нөхцөл, хэлсэн хүн нь өөр ч нийтээрээ цөхөрч байсан тэр цагт хүн бүрт жоохон ч гэсэн “итгэлийн гэрэл”-ийг авчирсан биз ээ. Энэ 2 үг, өгүүлбэрийг харах бүрт хөгжил, дэвшил, гэрэл гэгээтэй нийгмийн тухай хүн бүрт ойлгогдохоор тун энгийнээр хэлжээ гэж одоо хүртэл бодож явдаг. Хаачихаа ч мэдэхгүй төөрч шантарч, хаашаа явбал гарахаа мэдэхгүй харанхуй нүхэнд орсон мэт мэдрэмж хүн бүрт байсан учраас төр, засгийн тэргүүнүүд энэ үгийг санамсаргүй хэлээгүй биз ээ. Тэгвэл өнөөдрийг тэр цагтай харьцуулж харъя.

Бидний нөхцөл байдал тэр үеэсээ дээрдсэн үү?

Бид өнөөдрийн байгаадаа сэтгэл хангалуун байна уу?

Бидэнд үүнээс илүү байх боломж байсан уу?

Бид юу хүсэж байгаа вэ?

Бид ер нь хаана байна вэ?

Ахиад л түнэр харанхуйдаа хаачихаа мэдэхгүй мөрөө хавчин зогсож байгаа юм биш биз.

Тиймээс ч “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг үгийг санан өөрийнхөө нөөц бололцоо, чадлын хэмжээнд ядаж “чүдэнз” ч болов асаан саад бартааг нь гэрэлтүүлэн, хонгилын гэрэл рүү, хөгжлийн гийж буй туяа руу хамтдаа алхахсан гэж хүсэж байна.

Гар утас, интернет

Ардчилал, мэдээллийн технологи бидэнд маш олон зүйл өгсний нэг нь хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж юм. Хуучин цагт юу хэлэхээ хүнээр хянуулдаг байсан гэдэг. Арай сүүлдхэн агуулгаа хянуулахаа больсон ч түүнийг түгээх дэд бүтцийг олоход тун ч хүндрэлтэй байж билээ. Харин сүүлийн үед зөвхөн нэг ухаалаг утас, интернетийн сүлжээ байхад л өөрийн хүссэнээ олон нийтэд хүргэх боломж бий болжээ.

Энэ боломжийг ашиглаж сүүлийн хэдэн сар “ХЭРВЭЭ ТА...” гэсэн нэртэй жижигхэн видео агуулгыг хийлээ. Санаа нь тун энгийн. Хэн нэгэнд, бараг хүн бүрт ийм боломж байсан бол, түүний оронд байсан бол гэсэн бодол төрж байдаг. Тэр боломжийг хүмүүст олгоод юу хийх байсан шийдлийг нь асуух нь энэ агуулгын маань зорилго. Өнгөрсөн дугааруудыг харахад зөвхөн өнгөрсний тухай биш ХЭРВЭЭ ТА байх бол, тийм боломж олдвол гээд ирэх маргаашийн сайн сайхан, ирээдүйн тухай түлхүү ярилцжээ. Цаашид шийдэл ярьсан гэгээлэг контент хэвээр байх болно.

Арга барилын хувьд ч гэсэн нүсэр том тайз дэлгэц студи бэлдсэнгүй, зочидтой сэдэвтэй холбоотой газар нь очиж энгийн байдлаар, хүний яриаг сүрхий монтажлахгүйгээр энгийн, хямд төсөрхөн хийхийг зорьсон. Төсөрхөн, хялбархан агуулгыг маань олны зүгээс ч багагүй сонирхон, үзэлт хандалтууд тун ч сайн байгаад нь багагүй урамшиж байна. 

Зүг чиг

ХЭРВЭЭ ТА агуулгын хүрээнд уулзсан тэмдэглэлүүдээ багцлан цувралаар товхимол болгон тогтмол гаргаж байхаар төлөвлөж байгаа бөгөөд эхний 20 хүнтэй хийсэн ярилцлагаа тоймлон ЗҮГ ЧИГ гэж нэрлэн та бүхэндээ хүргэж байна.

Хөдөө хээр явахад, хүршгүй зорилгынхоо төлөө явж байхад ЗҮГ ЧИГ-ээ л алдчихгүй, зүтгээд байвал хүрнэ дээ гэж би итгэдэг. Тиймээс ч бидний энэ тодорхойгүй, тэмүүлэлгүй цаг үед биднийг хөтлөн чигийг зааж, зүгийг чиглүүлж өгөхүйц эрхмүүдтэй уулзаж, санааг нь сонссон гэж итгэж ийнхүү нэрлэв.

Энэхүү товхимол нь ШИНЭ ХӨДӨӨ, ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ, ЭРГЭЖ ХАР, УРАГШАА АЛХ гэсэн бүлгүүдтэй бөгөөд оролцогчийн агуулгын тойм хэсэг, мөн түүний яриаг өргөжүүлэн сэдэвтэй холбоотой агуулга, оролцогчтой холбоотой намтар түүх жижигхэн бичвэрээр баяжууллаа.

Түнэр харанхуйг зүхэж суулгүй гарт байгаа гар утас, интернетээ ашиглан хөгжлийн гэрлийг гаргахаар эхний алхмыг хийлээ. Эхлэл гэж бодон алдаа, зөрүүг минь зөөлрүүлэн ойлгон, тунгаан уншихыг хүсэж байна. Эрхэм таныг ч мөн энэхүү товхимолд дурдсан шийдэл бүрийг тунгаан бодож, айл хотол, ахан дүүс, ажлын хамт олноороо ярилцан хэлэлцэж, өөрсдийнхөө саналуудтай нэгтгэн хамтдаа хаашаа явж байгаа, хаана очих ёстой болох хөгжлийн зөв “ЗҮГ ЧИГ”-ийг хайж олох үйлсэд нэгдэнэ гэж итгэж байна.

 

Бид хаашаа явж байгаа вэ?

Бид хаана очих ёстой вэ?