СИСТЕМ БА SYNERGY

2000 оны эхээр ФОРУМ гээд үндэсний телевизээр хэлэлцүүлгийн нэвтрүүлэг хөтөлж олонд илүүтэй танигдсан тэр цагаас хойш түүний үгийг бид их анхааран сонсдог болжээ. Үүнээс хойш их хуралд сууж үзсэн ч ажил албан тушаалаас ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа илүүд тавьж, эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө уншсаар, ухуулсаар явна. Аар саархан асуудал, хувь хүний сайн муугийн тухай биш асуудлын мөн чанар, зүй тогтол, учир шалтгааны тухай онолын үндэслэл, бодит тоо баримтуудыг энгийншүүлэн ойлгомжтойгоор, олон нийтийн хэлээр ярьдаг нь түмэнд таалагдаж, өдгөө бидний дундах үзэл санааны ЛУУЖИН гэж хүлээн зөвшөөрөгджээ. Тийм ч учраас түүний тухай, бас хэлсэн ярьсных нь тухай дэлгэрүүлэн ярих нь бараг илүүц биз. Анхаарах, бодох, авч хэрэгжүүлэх зүйлсийн тухай ярьсаар аль хэдийн 20 оныг үдсэн түүний үгийг хэлбэрэлтгүй даган хэрэгжүүлэх л үлдсэн.

Нөхрийн түлхүү ярьдаг сэдвүүдийн нэг нь системийн онол юм. Би дээр Ө.Ганзориг оролцогчийн хэсэг дээр өмнө нь гаргасан номынхоо тухай бичиж байсан даа. Тэр ном маань нарийндаа системийн онолын ном гэж хэлж болохоор. Угаасаа хөгжлийн асуудал системийн асуудлуудтай нягт уялддаг. Улс орон ч, байгууллага компани ч, хувь хүн ч аль аль нь систм. Тийм ч учраас би хувь хүн талаасаа түүнийг илүү сонирхон харж, ажигладаг байж магадгүй юм.

 

 

Системийн онолд нэг нэгээрээ хийдэг ажлыг нийлээд хийвэл 2-уулаа хэд дахин их бүтээмж, үр ашиг хүртдэг гэсэн хууль бий. Үүнийг synergy гэж нэрлэдэг. Хэрэв та анзаарсан бол энэ номонд хэд хэдэн удаа synergy гэх энэ үгийг ашигласан байгаа. Зүгээр онол, номын төдийгөөр ашиглах биш амьдрал ахуй, ажил бизнестээ ч гэсэн аль болох ашиглахыг хичээдэг. Мөн дээр эхэн хэсэгт жимс, аарцыг хуурайшуулж, шингэржүүлж, өтгөрүүлж, хатааж олон янзаар ашиглаж буй ЗӨВ брэндийнхээ тухай тойм дурдаад өнгөрсөн байгаа. Энэ ч бас synergy үүсгэж буй явдал юм.

Манайх шиг хүн ам цөөн, газар нутаг том улсын хувьд хурдтай хөгжиж, өндөр бүтээмж үзүүлэхийн тулд энэ мэтээр synergy үүсгэх нь л хамгийн чухал гэж би итгэж явдаг. Гэхдээ цөөн хэдэн бүтээгдэхүүн, зах зээл дээр төрөлжөөд тэдгээрийгээ зөв зохион байгуулж байршиж чадвал бид хурдан хугацаанд үсрэнгүй хөгжиж чадна.

 Гэтэл бид, Монголчууд маань өнөө хэр нэгэн систем болж, synergy үүсгэж чадалгүй явааг энд оролцсон 20 хүн өөр өөрийнхөөрөө хэлж, тайлбарлалаа. Нэгдсэн нэг зорилгогүй, нийтлэг үнэт зүйлгүй, дундын дагадаг хэм хэмжээгүй ингэж удаан явбал бусдын идэш болох эрсдэл, аюулын харанга дунд бид байна. Гэхдээ үүнийгээ засаж, сайжруулах боломж бидэнд хангалттай бий. Бид дэлхийн дайдыг эзэлж, ертөнций захирч явсан түүхтэй, устаж алга болохын ирмэг дээрээс ерөөлөөр тусгаар тогтносон азтай, газар зүй геополитикийн онцгой байршил дээр байршсан давуу талтай улсаа. Зүгээр л цаг зуурын хүндрэл, сорилтын өмнө яахаа мэдэхгүй хэсэг гайхашран зогсож, хий дэмий ийш ч нэг, тийш ч нэг самгардсан цаг үед явна. Та бид манлайлаад, хөгжил дэвшлийн зүй тогтлоо олоод хөгжье гэж хүсвэл бусдыг дэлхийг захирах энх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.