Хэрвээ Та агуулгын маань анхны дугаарын зочин Г.Ганхүү оролцогч байв. Залууст үлгэрлэж, үеийнхнээ манлайлан ажиллаж, хөдөлмөрлөж буй түүнтэй хийсэн дугаар сайн болсон учраас, хүмүүс сонирхон үзсэн учраас л урам авч өнөөг хүртэл 20 дугаарын ард гараад байна. Түүний хэлсэн өрсөлдөх давуу талаа зөв тодорхойлж, аялалын брэндингээ зөв хийж, агаарын тээврээ либеральчлахтай 100% санал нийлж байна. Тиймдээ ч аялал жуулчлалын талаар нэмээд нэг сэдвийг дэлгэрүүлэн бичье гэж бодлоо.
Бидний сая жуулчин авах мөрөөдлөө ярьж эхэлсний 10 жилийн ой болж байгаа ч өнөө хэр нь статистик тоо маань 500 мянгаа давахгүй байсаар л байна. Гэтэл манайхтай зан заншил ойролцоо, нүүдэлчин үүх түүхтэй Киргизстанчууд жилдээ 3 сая жуулчин авдаг тоо баримт байна. Биднийг бодоход бахархах түүх бага, үзүүлэх юм ховор, түүхэн дурсгалт зүйл гэх юмгүй, бүр газар зүйн байршил ч дор байж магадгүй боловч биднээс бараг 10 дахин жуулчин авч байна. Ингээд бодохоор л бидэнд нэг асуудал байх шиг байгаа юм. Тэр нь юу юм бол оо?
Бид зөв бүтээгдэхүүнээ гаргаад, түүнийг үзэх хүмүүсийг олохыг би аялал жуулчлалын бизнес гэж бүдүүлэгдүү маягаар л ойлгодог ойлголттой. Нэг их аялж, зугаалж, амарч цэнгээд яваагүй ч ажил хэргийн далим тааруулан зорин очсон хэдхэн жишээтэйгээ уялдуулан бүдэг төсөөлөлдөө үндэслэн бодохоор бид аялалын бүтээгдэхүүн гэдгийг л нэг буруу ойлгоод байх шиг санагддаг юм. Манай өөрсдийн уламжлал, соёл, амьдралын хэв маяг, ахуй зэрэг байгаа “бодит” байдлаа бараг шулуухан хэлэхэд “нуугаад” том хөшөө, түүхэн дурсгалыг дахин барьж байж аялал жуулчлал хөгжүүлчихнэ гэж бодоод байх шиг санагддаг. Гэтэл бодит амьдралд, жуулчин ихээр очдог газруудын аялалын бүтээгдэхүүн гэдэг нь өөрсдийнх нь ахуй, соёлд нь түшиглэсэн байгаад байх шиг харагддаг.
Хэдэн жилийн өмнө Америкт сургалтанд явж байхдаа Бостоноос холгүй нэг ферм рүү хэрэг болгон очсон юм. Тэнд очиход тарьсан байцаа ургамлаа энэ органик, байгалийн гаралтай шүү гэдгийг нь нотолж үзүүлээд, шинээр хөрснөөс нь сугалж аваад хоол, шөл хийгээд өгчихөж байлаа. Хүмүүс зориод очдог амралтын жижигхэн хэсэгтэй, тэндээ даатгуулаад морь унадаг, алхаж аялдаг гэх мэт хэд хэдэн хэсгүүдтэй. Хүсвэл ферм рүүгээ очоод дахиад хоол хийлгээд, хийгээд ч идэж болдог, хоноод явж болдог газар байв.
Өнгөрсөн жил мөн ӨвөрМонголын ХАА-г судлахаар нилээн явсан. Тэр тэмдэглэлүүдийг эмхэтгээд манай Б.Ган-Очир нэг ном саяхан гаргасан байгааг зарим нь сонсож, харсан байх. Тэгж явахдаа Эрээнээс аравхан километрийн цаана Жөү Ли гээд охины тариалангийн талбай дээр очсон юм. 5-6 га талбай дээр 100 гаруй хүлэмжтэй уг охины жимсээ борлуулдаг арга нь тун сонирхолтой. Яг л Бостоны жишээ шиг Эрээнийхэн амралтын өдрөө ирж, охины тарьсан жимс, ногоотой танилцаж органик, эко гэдэгт нь итгэнэ. Тэгээд өөрсдөө ороод, түүж хурааж аваад гарахдаа жигнүүлээд үнээ бодуулчихна. Аав ээжүүд нь хүүхдүүддээ тариан талбай үзүүлж, хамтран “ажил” хийгээд гэрийнхээ хүнсийг бэлдчихнэ. Гэхдээ Эрээний захаас худалдаж авснаас 2,3 дахин өндөр үнээр. Бидний тооцоогоор нөхөр жилд хэдэн зуун тонн жимс, ногоо зарж, бараг тооны машинд багтахгүй шахуу мөнгө олж байсан.
Бид хэрвээ тэдэн шиг сэтгэдэг байсан бол, манай бодлого боловсруулагчид үүнийг олж хараад бизнесийнхэнтэйгээ хамтраад хэрэгжүүлсэн бол 13-р зуунд дэлхийг эзэлсэн нууцтай танилц гээд жуулчдыг хөхөө өвлийн хүйтэн оторт явуулж, хөр цас ухуулсан шигээ, зун нь хонио ноослуулж, үнээгээ саалгаж, хөрзөнг ухуулсан шигээ л явж байх байлаа. Магадгүй зарим сүйхээтэй малчид нь мах, сүүнийхээ орлогоос илүүг гадаадуудаас “ажил” хийлгэснээсээ олдог болж болох юм.
Гэтэл бид өнөөдөр Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргын лоббигоор төсвөөс өндөр өртөгтэй хөшөө барих тухай яриад л сууж байна. Магадгүй тэгээд жуулчид овоороод байдаг бол сайн л байна. Даанч тэгэхгүй л болов уу? гэж эргэлзэж сууна. Эсвэл нүүдэлчдийн амьдрал үзүүлнэ гээд ахуйгаасаа, үнэнээс тэс “ондоо” хиймэл, хуурмаг зүйлс бэлдсээр байна. Үр дүнд нь бидний бүтээгдэхүүний үнэ талийж өгдөг. Гэтэл одоо цагийн бизнесийн хандлага нь нэг бүтээгдэхүүнийг олон янзаар хувиргаж synergy үүсгээд өртгийг хямдруулаад, үнэ цэнийг нэмэгдүүлдэг болчихож.
Тэгэхээр магадгүй аялалын бүтээгдэхүүн гэдэг чинь сүртэй том хөшөө дурсгалдаа ч биш үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд малчин фермерүүдийн хашаанд ч байж болдог юм биш үү?