Д.Ган-Одтойгоо ярилцахаар Хилийн цэргийн урд байрлах үйлдвэрийн байр руу нь явж ороод танилцаж байхад нэг л танил орчин, мэддэг газраа ирсэн мэт дотно санагдаж байлаа. Энэ үед яалт ч үгүй аав минь, төрсөн гэр, өссөн орчин минь эрхгүй бодогдож байлаа.
Аавынхаа тухай дараа дараагийн бичвэрүүдэд олонтаа бичиж таарах байх. Аав минь ШБОС буюу одоогийнхоор инновацийн бүтээлүүд дээр төвлөрөн ажилладаг байсан бөгөөд хажуугаар нь сумын төвийнхөн аль л эвдэрсэн цахилгаан, электроникийнхоо зүйлсийг нь авчирч засуулдаг байв. Гэрээр л дүүрэн энд ч нэг телевизор, тэнд ч нэг телевизор, түүний цаана нэг радио гээд хөглөрсөн айл л байдаг байлаа.
Тэр үеийн ийм нэг өдрүүдийн нэгэнд аавынхаа хийж байсан ажлыг сонирхож байхад авахуулснаас үлдэж хоцорсон энэ зургандаа би хайртай. Энэ зураг ийм л орчинд миний бага нас өнгөрч, шинэд тэмүүлсэн, шинийг эрэлхийлсэн аав шигээ хүн болно доо гэж хүсэж мөрөөдөж өссний минь ганц гэрч болон үлдэж дээ.
Аав шиг минь, Ган-Од шиг маань ийм л хүмүүсийн нуруун дээр, сэтгэл зүтгэл, мөрөөдөл дээр улс орон хөгждөг гэж би боддог. Эдгээрийгээ урамшуулж, хийж бүтээх урам зоригийг нь төрүүлэх тийм тогтолцоог бүрдүүлэх том ажил та бидний өмнө байна.
Даанч аавын маань үед энэ бүхэн хаалттай байсан учраас хичнээн шинэлэг, эдийн засгийн хувьд үр ашигтай инновацийн санаачлага гаргаад, төхөөрөмжийг хийгээд, шийдлийг нь гаргаад алга дарам цааснаас хэтэрдэггүй байжээ. Хичнээн нандигнасан ч захаасаа эхлэн сэмэрсэн 20 гаруй батламж л одоо үлдэж хоцорчээ. Түүнийгээ хөгжүүлээд бизнес болгоод, түмэнд түгээгээд явах боломж нь хэтэрхий хязгаарлагдмал. Одоо харин цаг сайхан болжээ. Тийм дээ ч Ган-Од шигээ хүмүүсийгээ дэмжихсэн, хийсэн бүтээснийг нь ядаж өөрсдөө ашиглахсан, олон нийтэд түгээн таниулахсан гэж хүсэж, хичээж ирснийхээ үргэлжлэл болгож түүнтэй хамтран нэгэн дугаараа бэлтгэсэн дээ тун ч баяртай байна.