Намайг багад манайх сумын төвд амьдардаг байв. Сумын төв гэж хотынхны хардгаар хөдөө, яг мал дээр байгаа хүний нүдээр “төвийн” гэсэн статустай сонин өвөрмөц, завсрын газар юм даа. Тиймдээ ч мал, хөдөөгөөс нэг их хол ч биш, бас ойр ч биш өсч. Гэхдээ ч бас хоосонгүй ээ, мал аж ахуйн хэцүү, хатууг багахан гадарлана.
Өсөх үеийн энэ тодорхойлолт өнөөдөр хүртэл үргэлжилж хөдөө аж ахуйгаас хол ч биш, ойр ч биш тийм бизнесүүдийг хийсээр ирэв. Өөрсдийн гэж тоолуулах үхэр мал үгүй ч аарцыг хэд хэдэн төрлөөр боловсруулсан ЗӨВ бүтээгдэхүүнээ дотооддоо таниулаад зогссонгүй, Казакстан, Хятад руу экспортолж, гадаадад буй Монголчуудын дотны нэгэндээ захидаг бүтээгдэхүүн болгон хөгжүүлжээ. Үр дүнд нь малын арьс шир улам бүр үнэгүй болж байгаа ч аарц, бозын үнэ сүүлийн 10 жилд 4 дахин өсөв. Гардаж чацаргана тарьж, аньс нэрс түүхгүй байгаа ч зайрмаг, аарцтай холин инновацижуулан гайгүй хэдэн бүтээгдэхүүн шинээр гаргав. Уулаас түүсэн самраа урагш нь гаргах гэж хэрэгт орон шахуу будилж байгаа ч аньс, нэрсийг нь асуудалгүй авч боловсруулдаг 10 гаруй компани зах зээлд бий болов. Бид өнөөдөр сүүн бүтээгдэхүүн хийж байгаа ч фермергүй, жимс жимсгэнэ ашигладаг ч тариаланчгүй ажиллаж байгаа нь эдгээрийг хийж чадахгүйдээ биш, хөдөлмөрийг төрөлжүүлж, чаддаг чаддагаа хийвэл эргээд улс оронд, иргэд олон нийтэд хэрэгтэй боддогтой холбоотой. Энэ мэтээр гурил, чацаргана, будаа гээд олон бүтээгдэхүүнийг малчид, тариачдаас авч тэдний орлого ч өсч, бидний бүтээгдэхүүн ч хөгжиж, сайжирч байна. Гэвч нэг компаний боломж, бололцоо хязгаартай.
Манайхан сайн мэдэх 1800-аад онд амьдарч байсан эволюци, биологийн хөгжлийн тухай суурь онолыг нээсэн Чарльз Дарвин гээд эрдэмтэн бий. Дарвины онолын мөрөөр л бид мичнээс үүссэн гэдэг нилээн магадгүй таамаглалд хүн төрөлтхөн итгэж буй шүү дээ. Түүний “Өөрчлөлтөнд хамгийн хүчтэй, хамгийн ухаантай, хамгийн хурдан нь биш хамгийн дасан зохицох чадвартай нь ялж амьд үлддэг” гэсэн үг бий. Нэг компани хамгийн дасан зохицох чадвартай нь байж инноваци, шинэ санаачлагаар тэргүүлэн зах зээлд шинэ боломжийг нээн, салбарын зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэжүүлэн оршоод байж болно. Гэвч энэ өөрчлөлт нь тогтвортой биш эсвэл ямар ч дасан зохицох чадвартай биет амьдрах боломжгүй тийм нөхцөл байдалд яах вэ? Систем нь салбарын зарим хэсгийг хэзээ ч өөрөөрөө амьдрах боломжгүй болтол дарангуйлж, идээлж, дотроос нь идэж эхлэвэл яах вэ?
Тиймдээ ч энэ өөрчлөлтийг зүй ёсны зөв өөрчлөлтүүд байгаасай гэж, бусад орнуудын жишиг, онол номын дагуу явдаг байгаасай гэж хэдэн жилийн өмнөөс тодорхой хэмжээнд судалж, санаачлагууд гаргаад хэрэгжүүлэх гээд чадахаараа л ажиллаж ирлээ. Яаж хөдөө аж ахуйг эрчимжүүлэх вэ?, яаж малчид, тариаланчдын ахуй амьдралыг дээшлүүлэх вэ? гэж бодож, хичээж явж ирснийхээ үргэлжлэл болгож ХЭРВЭЭ ТА агуулгынхаа эхний бүлгийн 20 дугаарт 4 нь ч ХАА-н дугаарыг бэлтгэжээ.