О.Цогтгэрэл: Амжилт гэдэг ид шидийн юм шиг ганцхан зүйлийг шийдэхэд ирдэг бэлэн жортой хоол биш

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа.

За баярлалаа

Таны хамгийн эхний асуулт. Та гэр бүлийнхнийгээ нэг сайхан танилцуулаач?

Намайг Одонгийн Цогтгэрэл гэдэг. Увс аймгийн Тэс сумын харьяат. Одон гэдэг хүний есөн хүүхэдтэй айлын тав дахь нь гэдэг чинь би өөрөө бас ээж, аавдаа одон авчирсан одонгийн хүүхэд. Яг одоо өөрийн гэр бүлийн хувьд эхнэр гурван хүүтэй. Эхнэр маань манай компанид ажилладаг. Бид хоёр чинь бүр 10-н жилийн нэг ангийн нэг ширээний хүүхдүүд дээ.

Тэгэхээр чинь одоо үерхээд хэдэн жил болж байна гэсэн үг үү?

Мэдэхгүй ээ, одоо 37, 38 жил болж байгаа юм уу даа.

Миний өөрийн ойлгож байгаагаар бол “Тэсо” гэдэг нь Увс аймгийнхаа Тэс сумынхаа нэр дээр аавынхаа  нэрний “О” үсгийг нэмсэн товчлол юм болов уу?

Ер нь бол тийм. Тухайн үед тэгээд авчихсан чинь дараа нь бодоход давхцал бас байдаг юм. Манай эцгийг Одон, өвөг эцгийг Сүх-Очир, Сүх-Очирын эцгийг Энх гээд ингээд урагшаа явахаар үсгүүд нь бас давхацдаг тохиолдолтой байсан юм билээ.

Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байна? Таны хувьд та ямар үг хэлдэг вэ?

Яг тийм үг хэлэх дуртай гэхээр байнга хэлдэг үг бараг байхгүй. Харин хэлэхгүй байхыг эрмэлздэг үгүүд бол байна аа. Элдэв янзын хараалын үгүүдийг амнаасаа унагахгүй байхыг хичээнэ шүү.

Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ?

Би зургаа, долоодугаар ангиасаа эдийн засагч болно гэж бодож эхэлсэн. Тэр тусмаа нэг  техник талын тодорхой ойлголттой болъё гэж шийдсэн. Аав минь техникийн мэргэжилтэй хүн байсан болохоор баримжаатай байсан л даа. Арван жилийн сургуулиа төгсөөд элссэн мэргэжил бол инженер эдийн засагч. Компьютер, техник менежментийн сургууль гэж байсан юм. Одоо чухам нэр нь өөрчлөгдчихсөн. Тэнд инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн дөө.

Арван жилийн сургуульд байхдаа бас физикийн олимпиадад та чамгүй оролцдог байсан юм билээ?

Манай эцэг, эхчүүд тоо, математикийн хичээлд шамдахыг эрхэмлэдэг, сайн сурвал урамшуулдаг байлаа. Аймгийнхаа физик, математикийн олимпиадад нэг удаа түрүүлж байсан шүү.

Энэ амжилтанд аавынх нь нөлөө байсан болов уу. Аав тань их мундаг хүн байжээ. Бидний энэ цаг үеэс тасраад түрүүл­чихсэн ч хүн байсан юм уу гэж бод­дог. Үүний учир нь маш олон бүтээл, нээл­тийг хийж байсан. Тэгэхээр аавынхаа та­лаар сайхан дурсамжаасаа хуваалцана уу?

Манай аав Тэс сумын тэжээлийн аж ахуйд бараг насаараа шахуу инженер, ерөнхий инженер хийсэн. Тэр үед хийсэн шинэ бүтээл, оновчтой саналыг одоогийнхоор инновац гэнэ шүү дээ. Шинэ бүтээлийн 20 гаруй гэрчилгээ, лиценз эзэмшдэг шинийг санаачлагч хүн байсан. Тухайн цаг үедээ содон, онцгой хүн. Жишээ нь, аав маань 70-80-д оны үед Варшав гээд машин унадаг байсан бөгөөд баруун хязгаарын суманд, хүмүүс аавыг минь Одонгийн волга л гэж хэлдэг байсан, сүүлд харин варшав гэдэг машин байсан байна лээ. Үргэлж шинэ юм сэддэг, өөрийгөө хөгжүүлдэг, ном сонин их уншдаг, орос мэргэжилтэнгүүдтэй найзладаг, техник сэтгэлгээтэй айхтар хүн байсан.  Миний санаж буйгаар манай аав прессний төмөр утсаар тор нэхэгч машин хийсэн юм. Тор нэхэгч гэдэг нь даавуу нэхэж байгаа юм шиг нэхдэг бөгөөд хашаа болон янз бүрийн юм хийж болно. Тэр төхөөрөмжийг нь Оросын мэргэжилтнүүд үзчихээд 80-аад оны сүүлээр тэр машиныг Оросын бөөний үйлдвэрлэлд шилжүүлж хамтарч ажиллах санал ирж байлаа. Ингээд бодохоор олон улсын хэмжээний сэтгэлгээтэй  хүн байжээ.

Таны эзэмшсэн мэргэжил, өнөөгийн хийж байгаа бизнес хоёр хоорондоо хэр уялдаж байна вэ?

Манай “Тэсо” корпорацын гол ажил нь үйлдвэрлэлийн ажил юм. Үйлдвэрлэл эрхлээд, түүгээрээ бизнес хийнэ гэдэг чинь миний эзэмшсэн инженер, эдийн засагч гэдэг мэргэжилтэй яг дүйж байгаа юм.

“Тэсо” корпорац хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг вэ?

“Тэсо” корпорац 15 охин компанид 2000-аад хүн ажиллаж байна. Нэр төрлийнх нь тоог нарийвчлан тодорхой сайн санахгүй байна. Хэдэн зуугаар л тоологдоно доо.

Гадагшаа хэр олон бүтээгдэхүүнүүд гаргаж байна?

Ер нь гадагшаа нэлээн бүтээгдэхүүн гаргая гэсэн гол зорилготой ажиллаж байна. Сүүлийн гурав, дөрвөн жил чамгүй төсөв мөнгө гаргаад ажиллаж байгаа. Одоогийн байдлаар БНХАУ руу зарим нэг эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна, Казакстан улс руу хагас боловсруулсан бүтээгдэхүүн байдлаар бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Жишээ нь хэмжээ савлагаа нь өөр, өөр хуурай сүү, гоймон зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн бий.

Энэ том компанийг удирдаад явж байгаа хүний хувьд олон л асуудлуудтай тулгардаг байх. Та ер нь стресст хэр орж байна вэ. Хэрэв орвол стрессээ хэрхэн тайлдаг вэ?

Ер нь стресстэх бол ямар нэг шалтгаантай л байгаа шүү дээ. Аль болох тэр шалтгаандаа гарц гаргалгаа хайж байж уужирдаг. Хэрэв тэр стрессийн шалтгаан нь хэвээрээ байхад би өөр нэг юмаар өнгөлөн далдлалт хийгээд байвал өөрийгөө л хуурах байх л даа.

Таны үнэт зүйл юу вэ?

Хувь хүнийхээ хувьд тууштай зантай юм уу. Эхэлсэн ажил, бизнесээ нэг барьж авсан бол заавал ард нь гарчихья гээд л зүтгэчихдэг. Энэ зан чанар сайн чанар байх л гэж боддог доо.

Шүүмжлэлд хэр өртдөг вэ?

Компанийн эзэн, захирал, хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа дандаа компанийнхаа залуучуудтай харилцана. Энэ нь магадгүй шүүмжлэл бага ирдэг таатай орчин байх. Хэдийгээр бизнесийн орчин өрсөлдөөнтэй ч шүүмжлэлд бага өртдөг гэх юм уу.

Хэн даргыгаа шүүмжлээд байхав дээ, тийм ээ?

Тийм. Гэхдээ, одоо чинь нээлттэй системд гадагшаа бүхий л орчинтой харилцаж байна. Бусад талаас ч шүүмжлэл ирнэ л дээ. Гэхдээ гайгүй дээ.

Компанийнхаа засаглалыг ер нь та яаж авч явахыг эрмэлздэг вэ?

Монголын нөхцөлд эгзэгтэй үе таараад байна. 1990 онд монголчууд бүгдээрээ л компани, аж ахуй, хувийн бизнес гэж байхгүй байлаа шүү дээ. “Тэсо”-ийн түүх тэр үеийг бодвол арай жаахан наанаас эхэлсэн учраас нэгдүгээр үе дээрээ л явж байна. Зарим компаниуд гуравдугаар үе рүүгээ орж байгаа байх. Гэхдээ хоёр, гуравдугаар үе рүүгээ орж байгаа бизнесүүдийн хувьд засаглалийн томоохон асуудлууд тулгарч байна л даа. Гэр бүлийн бизнесийн шинж чанар нь хэрхэн яаж олон нийтийнх болдог вэ, хэрхэн яаж бусдын оролцоотойгоор засаглах вэ гэх мэт. Тиймээс бид аль болох хувь, хувьсгалын асуудал дээрээ л зааг ялгаатай хандах хэрэгтэй.

Таныг хамгийн аз жаргалтай байсан мөчөөсөө хуваалцаач гэвэл?

Ажлынхаа ард гарчихаад уужим амьсгаа авах л сайхан байдаг. Нэг сайхан уужим амьсгаа авахад л алжаал ядаргаа тайлагдаад л, дараагийн шинэ ажил юу билээ гээд л.

Та хүн хэр таньж чаддаг бол?

Хүн танихдаа гайгүй шүү. Миний итгэсэн хүмүүс, яг л бодож байснаар минь голтой л хүмүүс байдаг юм.

Тухайн хүнийг шууд гаднаас нь хараад таних уу?

Хэцүү шүү дээ. Тодорхой хэмжээний нөхөрлөл, хамтрал, хугацаа хэрэгтэй болно.

Таны ямар чанарт хүмүүс татагддаг бол, энэ талаар бодож үзсэн үү?

Бодож байгаагүй юм байна. Гэхдээ надтай хамт удаан хамт ажиллаж байгаа хүмүүс намайг аливаа юманд бас чин сэтгэлээсээ хандчихдаг, сэтгэлтэй гэж боддог болов уу л гэж боддог.

Тэгвэл танд таагүй хүмүүс хэр олон байдаг бол?

Өө байгаа байх аа:

Тэрийг таагүй хандлагыг мэдэрдэг үү та?

Нэг их ач холбогдол өгөөд байдаггүй. Мэдээж олон хүнтэй харилцаж байгаа юм чинь хүнийг гомдоох зүйл зөндөө л байлгүй. Хүнд үгүй гэж хэлэх тохиолдол амьдралд олон гардаг.

Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?

Залуучуудтай ажиллаж байхад амжихгүй юм байна аа, амжихгүй нь ээ гэдэг үг олонтаа сонсдог л доо. Ямар ч хүн болгоё гэвэл болгодог л байхгүй юу. Ер нь боломжгүй юм гэж байдаггүй. Аль хэдийнэ няцаад буучихсан тийм хүнтэй ярилцах их төвөгтэй. Яриагаа хурдан дуусгахыг л боддог доо.

Увс аймгаас гэрийнхнийгээ бүгдийг нь дуудаад нүүлгээд ирчихсэн, компаниа байгуулчихсан байсан энэ үед хамгийн эхэнд танд тулгарсан маш хэцүү зүйл юу байсан бэ?

Маш хэцүү гэх юм нэг их санагдахгүй байна. Магадгүй байсан л байх. Мэдээж амьдрал хойно хэцүү юм зөндөө л байгаа. Манай аав нэлээн зоримог шийдвэр гаргаад тэнд хийж байсан ажил төрлөө бүгдийг нь хаяад ахиж тэр ажлаа хийгээгүй. Тэр ажлаа хотод орж ирээд ч хийгээгүй. Манай сум чинь бас сумууд дотроо том нь байлаа. Арван мянга гаруй хүн амтай, гурван дунд сургуультай. Түүхий эдийн наймаа, ер нь хуучны нийгмийн худалдаа, бэлтгэл ангийн ажлыг л хийж байсан. Түүхий эдийг авна, буцаагаад бараа бүтээгдэхүүн сум руу аваачдаг, тэгээд янз бүрийн гурилын үйлдвэр байгуулах гэж үзээд л тэрийг гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нь манай аав ах нар бас өөрсдөө хийгээд суманд ажиллуулж янз бүрээр үздэг байсан юм. Тэгээд л би та нар Улаанбаатарт хүрээд ир гэсэн. Оюутан хүүхдийн үгэнд ороод л манай хэд хүрээд ирсэн дээ.

Та ер нь юу олж харчихаад хүрээд ир гэсэн юм бэ?

Улаанбаатар хотод 1997-1998 оны үед алдарт ганзагын наймааны алтан үе нь өнгөрчихсөн, бүх томоохон хувьчлалууд нь яваад дуусчихсан үе байлаа. Тийм үед хөдөөнөөс хэсэг хүн ирээд бизнес хийнэ гэдэг бүх юм тэгээс эхэлнэ гэсэн үг. Зарим нэг нь гурилан аяганы машин хийж зараад л. Үүнийг яривал урт түүх л дээ, жаахан богиноор яривал манай авга ахын аяган машины анхдагч нь. Түүнээс хэв автал аавын тор нэхэгч машинтай харьцуулахад болхи санагдсан. Тиймээс аавдаа та бол дор нь хийчих юм байна гэсэн чинь аав маань тонн гаруй жинтэй оросын болхи төхөөрөмжийг гурван сарын дараа 150 орчим килограмм жинтэй болгож багасгаад, ширмийг нь хөнгөн цагааны хайлшаар цутгаад явуулдаг байгаа. Хөдөө суманд тоггүй үед, дандаа дизель генератор мотор асаагаад л хийнэ шүү дээ. Хүүхэд байхын л манай хашаа ч гэж мөнхийн түчигнэсэн л айл байдаг байсан. Ааваасаа энэ машин ямар өртгөөр бүтсэнийг асуухад ойролцоогоор тавин мянган төгрөгний үнэтэй гэсэн. Би нөгөөдөхийг нь хотод зараад...

Тухайн үед торхтой зайрмаг их хийж байсан үе байх аа. Та хэдээр зарсан бэ?

Би бизнесээ хаагаад дуусгаж байсан болохоор ашигтай л заръя гэж бодоод тавин мянган төгрөгөөр авчирсан хэвээ гуч нугалаад сая таван зуун мянган төгрөгөөр зарсан. 1997 оны үед “Лада”, “24” машинууд сая таван зуун мянган төгрөгний үнэтэй. Гурав, дөрөвдүгээр хорооллын угсармал шинэ байр гурван сая төгрөгний үнэтэй. Тэгэхээр одооны ханшаар бол гурав юмуу дөрвөн өрөө байрны үнэнийх нь тал үнээр зарж байна гэсэн үг. Тэгээд бодохоор тавь орчим сая төгрөгний үнээр зарсан үг. Их л үнэтэй зарж байсан юм байна лээ. Оюутан байхдаа тэр машинаасаа 20 гаруйг зарсан байна. Аав ч бас энэ нөхөр хоосон ч юм хэлээд байгаа юм биш байна гэж бодсон байх л даа. Тэгээд гэрийнхнийгээ ирэхэд  би гэдэг хүн компани байгуулаад, хамтдаа бужигнаж эхэлсэн.

Би чинь одоо нугардаг хугардаг наймаа гэж сонсож байсан. Таных чинь одоо нугараад, хугараад, эвхрээд юу болоо вэ?

Гэхдээ энэ бизнес Монголд урьд, өмнө нь байгаагүй, одоо ч байхгүй. Яагаад гэвэл бүтээгдэхүүн биш бүтээгдэхүүн хийдэг машиныг нь хийж зарсан нь аж үйлдвэрийн шинэ хуудас. Манай “Тэсо”-гийн анхны бизнес нь зайрмаг шүү дээ. Зайрмагийг жижигхэн шугамын үйлдвэрлэлээр хийж байгаад гурван сарын дараа дараагийн загварыг нь гаргаж дэвшилт үзүүлж байсан. Манай дүү нэг удаа биднийг дуудаад хэдүүлээ Шанхай нүүе гэж байна. Яаж байгаа юм гэсэн чинь Шанхайн хажуугийн эдийн засгийн чөлөөт бүс газруудад дэд бүтцийг нь шийдсэн газар байна. Тэнд 10 мянган метр газар авъя гэдэг байгаа. Тэнд үйлдвэр дээр тоног төхөөрөмж сонирхоод явж байхад Арабаас, Африкаас, Оросоос, Латин Америкаас тэр үйлдвэрийг сонирхоод хүмүүс ирэх юм. Мэдээж бид Шанхай нүүхгүй л дээ, бид шинэ боломжийг тэндээс харсан. Манайд бол зах зээл нь байхгүй шүү дээ, өөртөө ганц ширхгийг хийгээд яах вэ дээ.1990-ээд онд намайг 10 жилийн сурагч байхад сумын дизель нь унтраад л тас харанхуй болдог байлаа. Аав маань байшингийнхаа дээвэр дээр нарны зайн хавтангийн ялтсыг нь угсраад зурагтаа үздэг байлаа. Тэрийг тухайн үед үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бол гэж боддог. Сумандаа аав минь зах зэээлийн бүтээгдэхүүнээс  10 жилийн өмнө тэрийг чинь хийчихсэн байлаа шүү дээ.  Өөр нэг сонин түүх ярья. Малчин айлын зуухнаас яаж цахилгаан энерги гаргах вэ гэдгийг аав минь ярьдаг байсан. Айл бүхэн зуухандаа гал түлж байгаа болохоор зуухны хажууд ялтас боочихвол боломжтой. Нарны зайн самбараас өвөл, шөнө, салхитай үед энерги авах боломжгүй болдог бол зуухнаас дулааны энергээс цахилгаан энерги гаргах боломжтой.

Энэ боломжтой гэж үү?

Боломжтой. Увс аймгийн Тэс сумын төв дээр аавын минь барьсан байшин бий. Тэр байшинг аав минь 1985 онд хоёр нүхтэй бетонон блокийг анх сэтгэж бидэнтэй хийж байсан. Өөрөө төхөөрөмжийг нь хийгээд бид блокийг нь цохиод өөрсдийн гараар байшингаа барьж байлаа. Сүүлийн үед л тэр хоёр нүхтэй бетонон блок чинь Хятадаас нэвтэрсэн гээд бодохоор аав минь айхтар сэтгэлгээтэй хүн байжээ.

Удамшил гэж зүйл байдаг шүү дээ. Таны өвөө ямар хүн байсан бэ?

Миний мэдэхийн их нийтэч хүн байсан. Өвөө маань сумын төв дээр дөрвөн хүүхдээ, ах дүүсээ гээд 10-аад айлыг хажуудаа буулгачихаад бүгд хамар хашааныхаа голыг буулгаж авчихаад олон нойл гаргаж хөрс бохирдуулаад хэрэггүй гээд дундаа нэг нойлтой, муу усны нүхтэй, нэгдсэн түлээ модтой зохион байгуулалттай хамтын амьдралыг бий болгосон.  Айл бүрийн амбаарын ард газар талбай засаад ач нартаа газар хуваарилж өгөөд төмс ногоо тариулж, услуулдаг байсан. Хэнийх нь ногоо сайн ургах вэ гэж бид нарыг хөөрхөн уралдуулдаг.  Биднийг ажилд сургаж байгаа нь л тэр юм. Аав минь худгийн насос хийгээд өгчихсөн. Ээж нар төмсөөрөө хоол хийнэ ээ. Гэтэл сумын нарийн бичгийн дарга ирээд бидний нүдэн дээр өвөөг минь загнасан. Сүх-Очир гуай та хувийн аж ахуй эрхэлж, хүүхдүүдийн хөдөлмөр шулж мөлжиж болохгүй. Социалист нийгэмд хувийн өмчтөн байх үзэл сурталд нийцэхгүй, насанд хүрээгүй хүүхдийг хувийн өмчид сургаж болохгүй, наадахаа боль гэсэн. Тэгээд бидний төмс тариалах ажлыг болиулж байсан.

Амжилт гэж яг юу юм бол?

Амжилт гэдэг нэг ажлын ард гарахыг л хэлнэ. Нэг ажлын гүйцэтгэл, хэмжүүр, хэрэгжилтийн илэрхийлэл юм даа.

Хүн амьдралдаа ямар явах нь юунаас шалтгаалах вэ?

Миний хувийн бодол байдаг юм. Аливаа зүйл дан ганц зүйлээс шалтгаалахгүй, хамгийн багадаа хоёр талтай. Ямар ч эерэг хүч байсан заавал сөрөг хүч байдаг. Тэгэхээр амжилт гэдэг ид шидийн юм шиг ганцхан зүйлийг шийдэхэд ирдэг бэлэн жортой хоол биш. Амжилт бол хөдөлмөрөөс, оюуны хөдөлмөрөөс бас аз гэдэг зүйлээс бүрддэг. Аз гэж зүйл байдаг шүү. Хэний хүү болж, хэзээ хаана хэн болох чинь дан ганц бидний хүслээр болдог зүйл биш.

 

Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

Аливаа зүйлийг хийхдээ өмнө нь төсөөлөл гаргахдаа гайгүй гэж боддог. Багцааг нь төсөөлөхөд эхлэл, төгсгөлийг нь оноод л голтой төсөөлчихдөг. Технологийн хөгжил давуу талтай гэж боддог. Хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ гадагшаа яваад, түрээсний машин аваад давхисан юм. GPS-ээ хараад явахад хурдны зам салдаг даа. Тэр үед замыг нь мэдэхгүй болохоор төсөөлөл алдсан л даа. Гэтэл хүү маань олон давхар замыг энүүгээр нь сал, нийл гээд мундаг төсөөлөн зааж байсан. Энэ бол хийсвэр ертөнцийн төсөөлөл дунд компьютероор тоглодог хүүхдүүдийн давуу тал юм болов уу. Хэзээ ч харж байгаагүй бодит ертөнцийг хийсвэрлэж чадаж байна шүү дээ. Техник технологи хөгжсөн энэ эрин үед хүмүүсээ цаг үе нь тэгж захиалдаг юм болов уу. Эцэг эхчүүд хүүхдүүдээ компюьтер тоглоод байна л гээд байдаг. Тоглож болно, хэтрүүлж л болохгүй.

Хүний эцэг эхийн сургааль гэж сайхан юм аа. Таны ээжийн хамгийн их захиж хэлдэг сургаал юу вэ?

Эцэг эхчүүд сургаал үг хэлдэг ч түүнийгээ үйлдлээрээ л харуулж явдаг юм уу даа.

Та маш их уурлахаараа яадаг вэ?

-Дуугаа л хураачихдаг.

-Хамгийн сүүлд юунд их суралцахыг хүссэн бэ?

-Өөрийнхөө төсөөлөх чадварыг хөгжүүлэх ёстой юм байна. Виртуал ертөнцийн төсөөллийг илүү суралцаж амьдарлыг илүү өргөн талаас нь харах хэрэгтэй юм байна.

-Та өөрийнхөө ямар зан чанараар бахархдаг вэ?

-Надтай удаан нөхөрлөж байгаа хүмүүс надад гомдолтой байдаггүй байх

-Тэгвэл таны айдаг зүйл юу вэ?

-Айдаг зүйл гэж бодож байгаагүй юм байна. Хүний хорвоод хүнд хэрэггүй болох хамийн хэцүү байлгүй дээ. Өгдөг, авдаг юмтай, хэн хэндээ хэрэгтэй явах чинь хүний нийгэм шүү дээ.

-Улс төрийг та юу гэж ойлгодог вэ?

-Манайхан улс төрийг ам, ажил хоёроос хамаардаг гэж ярьдаг. Үг нь үйлдлээсээ түрүүлээд явчихаар попорч байна гэж шүүмжилдэг. Энэ хоёрын балансыг барих хэрэгтэй. Амжилттай улс төр гэдэг бол үг, үйлдэл хоёр нь зөрүүгүй байхыг хэлдэг бол амжилттай бизнес гэдэг бол хэрэглэгчдэдээ амлаж байгаа зүйл нь зөрүүгүй, цацсан реклам, бүтээгдэхүүн хоёр нь нийцтэй байхыг хэлнэ.

-Бидний амьдарч байгаа нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудал олон. Бид яг юунаас нь эхэлж шийдэх ёстой юм бол?

-Эхлэх цэг гэдэг надад маш тодорхой. Манай гариг дэлхий, Монгол Улс энэ бүгд аль нэг талаасаа орох, гарах хаалгатай, нээлттэй байх ёстой. Асуудал байхад салхи ордог, гардаг, түүхий эд ордог, гардаг. Эхлэх цэг бол нээлттэй байдал юм. Тэнд заавал боломж, гарц, шийдэл бий. Тэр нээлттэй хаалгыг инноваци гэдэг. Хөгжил дэвшил, өөрчлөлтийн үндэс тэнд л байдаг.

-Монгол Улсынхаа ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Хувь хүнийхээ хувьд юм уу, аль эсвэл компанийн хувьд өсөх боломжтой. Жил бүхэн 50 хувийн өсөлттэй явсан жишээ ч олон. Компанийн хувьд өөр л дөө. Харин улс орны хувьд хөгжил дэвшил гэдэг инновац, хууль журам, мөнгө төгрөг, алт зэс, боловсролоос хамаарахгүй. Зайлшгүй хугацаа шаардлагатай. Багадаа 10 жилийн дотор үр дүн гарах байх.

-Таны хамгийн их харамсаж явдаг зүйл юу вэ?

-Би түрүүнд 10 жилдээ физик, матема­тикийн олимпиадад орж байсан гээд ярьж байсан даа. 10 жилийн маань физикийн багш Дарьжав гэж багш байсан юм. Монгол Улсын их сургуулийг улаан дипломтой төгсөөд хөдөө суманд багшаар ирсэн. Намайг зургаадугаар ангид байхад биднийг аймгийн олимпиадад бэлдээд аймагтаа бид физиктээ түрүүлчихсэн. Төвийн 10 жилийн сургуулиас багшид маань өндөр цалин амлаж төв рүү урьсан. Багш маань тэгэхэд чамайг нэгэнт олимпиадад бэлдсэн болохоор үр дүнгээ үзчихмээр байна гээд хөдөө сумандаа үлдсэн. Хоёр жил хөдөө суманд залуухан эмэгтэй багш маань үлдсэн юм. Би ч олимпиадад амжилт үзүүлсэн. Дараа нь би 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод ирээд оюутан болчихоод багшдаа ганц хоёр захиа бичиж байсан. Зуныхаа амралтаа багшдаа бэлэг бариад уулзах гээд очтол хэдхэн хоногийн өмнө автын ослоор нас барчихсан байсан. Багштайгаа ахиж хэзээ ч уулзаж чадаагүй, энэ л надад харамсалтай санагддаг.

-Та энэ мөчид хэнд баярлалаа гэж хэлэх вэ?

-Багш маань байсан бол багшдаа л баярлалаа гэж хэлэх байсан. Яг одоо бол эхнэртээ баярлалаа гэж хэлнэ. Миний эхнэрийг Цэвэлмаа гэдэг. Энэхэн амьдралаа надад зориулахаар гэргий минь болж, гурван сайхан хүүхдийг минь төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа.  Эрчүүд бид ажил алба гээд дандаа гадуур явна. Эмэгтэй хүн гэр бүлдээ бүхнээ зориулж чаддаг агуу ертөнц шүү дээ.

-Бурхан гэж байдаг болов уу?

-Би бол бурхангүйн үзэлтэн биш. Бурхан гэж байдагт нэг их итгэдэггүй.

-Би таны “Хэрвээ та” гэдэг төслийн ихэнх дугаарыг үзсэн. Дараагийн дугаар нь Шинэ эдийн засгийн тухай байна лээ. Энэ бүхнээрээ та юу хэлэхийг хүсдэг вэ?

-Товчхондоо synergy буюу системийн онолын талаар би судалдаг. Энэ нь хамтрах гэсэн утгатай бөгөөд чи бид хоёр нийлэхэд нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр биш. Хоёроос их үр дүнг хэрхэн гаргах вэ, хэрхэн яаж хамтарч бид илүү үр дүнд хүрэх вэ гэдэг шийдэл монголчуудад дутмаг байдаг. Хамтаараа, оролцогч талууд аль аль нь хождог систем салбар бүхэнд байна гэдгийг л харуулахыг зорьж байна. Нэг түүх ярихад би Харвардын “Манлайллын курс”-т хэд хоног явсан юм. Би тэндээс “Negotiation” гэдэг ганцхан үгтэй ирсэн.  Хоорондоо хэлцэл хийхэд хэрхэн яаж хоёр тал нь хоёулаа хождог болох вэ. Тэг нийлбэрт тоглоом гэж хэллэг байдаг. Би хожвол чи алдаж байдаг, чи хожвол би алдаж байдаг гэдэг бол чиний алдсан миний хожсон тэнцэж байна гэдэг нийлбэр нь тэг л байхгүй юу. Тэг нийлбэрт тоглоомоос зайлсхийж сурахыг хэлэхийг хүсэж байна.

-Таны муу зуршил юу вэ?

-Өглөө унтчих гээд байдаг. Өглөөний нойр дутуу байвал өдөржингөө ажлын бүтээмжгүй байх юм шиг санагдаад өөрийгөө зөвтгөн бүтэн нойр авах дуртай. Энэ л муу зуршил байх даа. Мундаг хүмүүс чинь айхтар эртэч байдаг гээ биз дээ.

-Мөнгө гэж таныхаар юу вэ?

-Энэ тухай саяхан бодож байсан юм байна. Мөнгө гэдэг эрчим хүч. Энэ эрчим хүчийг  үр ашигтай зарцуулж ч болно, устгачихаж ч болно. Мөнгө бол яалт үгүй эрчим хүч.

-Хэрвээ ямар нэг ид шид байгаад аавтайгаа уулзвал та юу гэж хэлэх вэ?

-Намайг 27, 28 настай байхад аав минь бурхан болж байсан юм. Аав эвгүй харахад сандал дээрээ цэх суугаад биеэ хичээдэг шүү дээ. Одоо хүүхдүүд маань яадаг юм, мэдэхгүй. Хэрвээ аавтайгаа уулзах завшаан олдвол хүү нь хичээнэ ээ гэж л хэлнэ дээ.

-“Тэсо”-ийн үйл ажиллагааг хараад байхад уул уурхай руу чиглэсэн үйл ажиллагаа байхгүй юм шиг?

-Тийм ээ. Уул уурхай руу орох боломж байсан. Ээж минь архи, тамхи, уул уурхайгаас хол байгаарай гэж захидаг юм. Аливаа хүнсний бүтээгдэхүүнд хадгалалт тээвэрлэлт даадаг байхыг шаарддаг бол архины салбарт тийм асуудал байхгүй. Давуу тал ихтэй ч архины бизнес хийе гэж бодоогүй. Монгол Улс уул уурхайгүйгээр амьдрахгүй. Гэхдээ хариуцлагатай, хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй загвараар хөгжих ёстой. Алгын чинээ цаас авчихаад ганц хоёр хүний өмч болоод байгаа нь ард түмний дургүйцлийг хүргээ байгаа юм шүү дээ.

-Таны дараагийн төсөл Шинэ эдийн засгийг асуудлыг хөндөж байгаа. Монгол Улс маань цаашдаа уул уурхайгаас эдийн засгийн дэмжлэг аваад явчих ямар боломж байна вэ?

-Шинэ эдийн засгийн агуулгын үндэс нь түрүүн хэлсэн синержи юм. Онцлог гол ялгаа нь технологи. Өмнөх эдийн засгийн загвар дээр технологи нэмээд технологи хүний булчинг орлодог байсан бол хүний уураг тархийг орлодог болоод эхэлчихлээ. Төв Азийн өндөрлөгт буй байгаль, цаг уурын эрс, тэс нөхцөлд амьдардаг нүүдэлчдийн хувьд анх удаа технологи асар их боломжийг авчирч байна. Хөдөө байгаа малчин дуудлага дуудахын тулд  сумын төв рүү мориор давхидаг байсан бол технологи бидэнд цаг хугацаа, орон зайг үл хамааран бүхий л харилцааг хөнгөвчилж өгч байна.  Технологи гэдэг зүйл салбар салбарт ялангуяа, хөдөө аж ахуйн, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт маш их хэрэгтэй.

-Таны болон бизнесийн салбарт яваа хүмүүст хамгийн хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?

-Манай орны хувьд нэгдүгээрт, бид нараас үл хамаарсан технологийн хоцрогдолтой. Хоёрдугаарт, зах зээл хумигдмал байдаг.  Хөгжингүй зарим оронд олон сая хүнтэй мөртлөө технологийн түвшин өндөр учраас тэдний хэрэглэгч нь дэлхий тэр чигээрээ байдаг. Тийм учраас манай улсад хүн амаа өсгөх бодлого баримтлах, технологийн хөгжлийг нэгийн нэгдүгээрт тавих хэрэгтэй.

-Танай компани гадаадын банкнаас ямар ч барьцаагүй зээл авсан, үүнийг авахад хүндрэл бэрхшээл их байсан уу?

-Манайх 2014 онд Европын сэргээн босголтын банкнаас төгрөгөөр зээл авч байсан. Тэгж авахын тулд гаднын аудитын компани олон удаагийн аудит хийнэ. Санхүүгийн үзүүлэлт, засаглал, шийдвэр гаргалт, өмнөх түүх, төслүүдийн аудит хийж итгэлцэл дээр зээл өгч байгаа юм л даа. Итгэлцэл үүсэх гол шалтгаан бол өмнөх түүх буюу үг, үйлдэл хоёр нь хэр зөрүүтэй байсан бэ гэдэг дээр харагдана. Олон улсын аудит нь үнэлнэ. Давтан зээл авч байгаа учраас барьцаагүйгээр, урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлөөр, монгол төгрөгөөр зээл авна гэдэг “Тэсо” компани хөгжихөд маш их түлхэц өгсөн. 2019 онд Азийн хөгжлийн банкнаас манайхтай буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй анх удаа гэрээ байгуулаад төгрөгийн зээл олгосон.

-Дотоодын банкнаас зээл авна гэвэл боломж байх уу?

-Боломжтой л доо. Муу, сайн хэлэгдсэн ч дотоодын банкуудаас зээл авч байсан л түүхтэй шүү дээ. Хэцүү л дээ,  дотоодын банкууд гурван жилийн хугацаатай, жилийн бараг 20-иод хувийн хүүтэй зээл өгнө. Ийм зээл аваад бусад улс орны үйлдэрлэгчид, бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө гэдэг амар ажил биш. Зээлийн хугацаа, зээлийн хүү, зээлийн нөхцөлийн асуудлыг шийдэхгүйгээр Монгол дахь бизнесийн орчин сайхан болоход хэцүү л дээ.

-Таны амьдралдаа тохиож байсан хэцүү зүйл?

-Аавын түүх олон ярилаа даа. Аав маань элэгний өвчинтөй олон жил явсан. 2002 онд өвчин нь сэдрээд эмнэлэгт шинжилгээ өгсөн юм. Аавыг түрүүлж явуулчихаад би шинжилгээг нь автал хорт хавдартай гэсэн онош гарсан.  Би хэлэх гэхээр хэлж чаддаггүй. Над руу аав утсаар залгасан. Би утсаа авчихаад үг хэлж чадахгүй, уйлчихсан. Аав минь ч ойлгосон доо.

-Амьдрал гэж таныхаар юу юм бэ?

-Амьдрал гэдгийг жишээд яривал урсаж байгаа ус юм болов уу. Урсана, урссаар урссаар далай тэнгистээ цутгана. Амар тайван болно. Эргээд ууршина, хур бороо болно. Өндөрлөг газраас шинээр эхэлнэ, дахиад л урсана. Энэ мөнхийн хөдөлгөөн дунд омголон хүрхрээ, амгалан нуур гээд бүхий л зүйлийг туулаад, туучаад гарна даа.

-Тэгвэл хайр гэж юу вэ?

-Энгийн асуулт хамгийн хэцүү байдаг юм гэсэн. / бодов/ Хайр гэдэг олон төрөл. Эхнэр, нөхрийн хайр гэдэг бид хоёрыг хамгийн их ижилсүүлж, эсрэгцүүлж байгаа зүйлсийн огтлолцол юм болов уу. Надад байдаггүй нэг шинж нь түүнд байдаг шүү дээ.

-Хэрвээ, та энэ хорвоод хүн болж төрөөгүй, ямар нэг амьтан болж төрсөн бол ямар амьтан байх байсан бэ?

-Би төрсөн жилээр яривал бар жилтэй, ордоо яривал матрын орд л доо. Би амьтны ертөнцийн нэвтрүүлэг үзэх дуртай. Арслан гэдэг амьтны шинж чанар их сайхан санагддаг. Сүрэг арслан байлаа гэхэд 100 үхрээс ганцханыг нь унагаагаад бүгдээрээ сайхан хуваагаад идчихдэг. Чоно, боохой шиг бүгдийг нь сэглээд хаячихдаггүй. Энэ нь илүү шуналгүй, өөрт хэрэгтэй зүйлээ л хийгээд, зорилгынхоо л төлөө явдаг тэр чанартай дүйх юм болов уу гэж боддог.