Өнгөрсөн оны эхээр намын даргаар дөнгөж сонгогдохтой зэрэгцэн ямар ажлууд хийх вэ? гэдэг асуудал гарч ирлээ. Уг нь уламжлалт ойлголтоор, удаан жил болсон улс төрийн арга барилаар бол улс төрийн акц хийх ёстой байх л даа. Гэтэл би тэс эсрэгээр нь хийхээр шийдлээ.
Ерөөсөө улс төрийн намын зорилго бол яаж Увс нутгаа хөгжүүлэх вэ?, яавал нутгийнхан маань аз жаргалтай, амар тайван байх вэ?, тэдний хүүхдүүдийн ирээдүйг яаж гэрэлтэй байлгах вэ? гэдэгт төвлөрөх юм шүү дээ. Үүний тулд хамгийн эхлээд нам чадавхижах хэрэгтэй. Мэдээж түүний чадавхижиж буйг ойлгох хөрс сууриа бэлдэх хэрэгтэй. Энэ ч талаасаа харсан, бас өөрийн натуртайгаа холбон хүүхдүүдэд л хандсан ажлуудаа хийе гэж шийдсэн юм.
Би чинь тэгж их хэл ам хийгээд яваад байдаггүй, дор хаяж л хэн нэгнийг ч олигтой муулах гэхээр ам эвлэдэггүй л хүн шүү дээ. Бүр эсрэгээрээ өөртөө байж болох нилээн романтик бодолтой, дэврүүн хүсэлтэй. Алив бүхнээс хамгийн түрүүнд сайхныг нь, цагааныг нь, болж байгааг нь олж харах гэж хичээдэг “гэнэн”. Энэ зан чанараараа улс төржилтөөс хол, ирээдүйд хандсан, хүүхдэд чиглэсэн ажлууд хийх гээд оролдоод байдаг юм.
Ингэж “Хүслийн Захиа” гэх ажлаа эхлүүлэхээр шийдэж, бэлтгэл ажилдаа орлоо. Өөрийн сурсан зангаараа энэ арга хэмжээний нэр ямар байх вэ? гэж бараг 7 хоног бодож, бусадтайгаа зөвлөж, хэлэлцсний эцэст “Хүслийн Захиа” байя гэж шийдсэн юм. 30 секундын шторк бэлдүүлж, “Малчин” болон аймгийнхаа ТВ-үүдэд өглөө. Сум, сургуулиуд руу зурагт хуудас хийлгүүлж явууллаа. Бас хүүхдүүдээ идэвхитэй оролцуулаарай гэж хүмүүсээрээ сум, сургуулиудруу яриуллаа. Ач холбогдол өгч, зарим сургуулиуд дээр намынхныг явуулж нээлт хийлгэлээ.
Ингээд зарлагдсан 3 сарын 10 боллоо. Гэтэл юу болсон гээч. Би чинь 17000 сурагчаас 1000 захиа л авчих юм сан гэж бодож байтал 3660 захиа иржээ. Миний нутгийн дүү нар, та бүхний минь хайрт үрсүүд ангиараа захиа бичицгээж, сургуулиараа идэвхитэй оролцоцгоож. Монгол нутгаа хөгжүүлэх, Увс аймгаа сайхан болгох, сум суурингаа шинэчлэх, өөрийнхөө хүслийг хэрхэн биелүүлэхээ бичсэн 3660 мөрөөдөл, 3660 хүсэл, 3660 санаа ирлээ. Ингэж 1000 хүүхдийн захиа авахыг хүсэж байсан хүсэл минь Монголын хамгийн олон оролцогчтой захидлын уралдаан болох нь тэр.
Уралдаан зарлаад захиа цуглуулах нэг хэрэг, одоо түүнийгээ уншиж, тэмдэглэж, байр эзлүүлэх, захиагаа явуулчихаад хүлээж суугаа эздийг нь урамшуулах гээд бүр чухал ажлууд гарч ирнэ. Захидлуудтай нэг бүрчлэн танилцаж, хаанаас хэн ирүүлснээр нь бүртгэлжүүлэн, статистик гаргах, нэг ч гэсэн санааг нь орхилгүй авч, ажил хэрэг болгохоор сар шахам хугацаанд бид завсар зайгүй ажиллалаа.
Захидлууд ер нь дажгүй шүү. Увс нутгаас гарсан гавьяат голдуу Ц.Өнөрбаян, Ж.Баянсан, Ц.Дэмбэрэл, На.Сүхбаатар, Г.Бадамсамбуу гээд мундаг багш нар, сэтгүүлчдээр бүрдсэн багт Б.Бат-Амгалан бид 2 нэмэгдэн захидлуудад эцсийн үнэлгээ хийцгээв. Шведэд нэг туршилтын лабортаран тоглоом “мода”-нд ороод байна гэхээр нь яаралтайгаар 50-ийг захиулж авчирч шилдэг захидлуудад өглөө.
Уг нь ингээд л захианы уралдаан бодсноор бол дуусчихаж байгаа юм. Гэтэл тийм олон хүүхэд захидал ирүүлчихээд 50 нь шагнуулаад, 5 нь хүслээ биелүүлээд өнгөрөхөөр харамсалтай санагдаж байв. Үнэхээр ч захидлуудыг уншиж байхад инээхээс аргагүй жуумалзуулсан, бахархуулсан, бас ч гэж сонирхолтой, нэгийг бодуулсан, тэмүүлэл өгсөн олон захиа байна. Заримд нь бас тусламж хэрэгтэй зүйлс зөндөө байлаа. Иймээс цааш үргэлжлүүлэхээр шийдэв. Өмнө нь гарсан хүснэгт, хүсэлтийн жагсаалтаа интернет (Facebook-т) оруулаад манай нутгийн хүүхдүүд ийм зүйлс хүсжийн, та нарт тэдний хүслийг биелүүлэх боломж байна уу? гээд асуучихав. Мэдээж нэр чухал. Уралдаантайгаа дөхүүлээд, хийж байгаа ажилтайгаа уялдуулаад “ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭХ АЯН” гээд дараагийн ажлаа ингээд эхэлчихэж байгаа юм.
Намын хаягнаас манайхан оруулахтай нь зэрэгцэн өөрийн хаягаараа Ерөөлт гээд 1-р ангийн хүүхдийн Аваторын цувралтай болох хүслээ нухацтай бичсэн захидлыг оруулчихав. Төд удалгүй л би биелүүлчихье, хөөрхөн юм бэ? гэсэн эхний хүсэл биелүүлэгч гараад ирэв. Хойноос нь би ч биелүүлчихсэн болох юм байна даа гэсэн хэд хэдэн хүн гараад ирлээ. Ингэж, энэ мэтээр хүүхдүүдийн хүсэл ганц нэгээрээ биелүүлэх эзнээ олсоор байв. Ангиараа гар ариутгагчтай болох, номын сантай болох, өөртөө үнэртэй устай болох гээд өчнөөн олон хүсэл нь биеллээ. Сошиалиар явж байгаа постны мөрөөр зарим нь хүүхдэд тусалж байхад, заримыг нь намын ажлаа дэмж гэж багахан шахаж, өөрийн найз нөхөд таньдаг нэгэндээ ч ийм ажил явж байна, алив дэмжээч гэж уриалж явав. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд ажлын далимаар уулзахдаа “хөөрхөн ажил хийж байгаа юм байна. Нэг хүүхдийн хүсэл биелүүлнэ дээ” гээд Өлгий сумын 7-р ангийн хуульч болох хүсэлтэй Даваасүрэнд хуульчдын “шүтээн” үндсэн хууль дээр гарын үсгээ зураад өгөв. Дунд сургуулиа төгсөөд хуулийн чиглэлээр сурахаар нь холбогд гээрэй гэж захив. Энэ мэтчлэн аймгийн дарга, ИТХ-ын дарга, аймагт байгаа бизнесменүүд, хотод амьдардаг иргэд, оюутнууд бүү хэл өөр аймгийнхан ч онцлон сайшааж, ядаж нэг хүүхдийн хүсэл биелүүльюү хэмээн ихээхэн санаа тавиж байв. Сурах бичгийг нь авч өгөхөөс эхлээд гадаадад сурах зардлыг нь даасан олон хүсэл биелүүлэв.
Мөрөөдөл, хүсэл нь биелж байхад гэрт нь очиж өгөлтэй биш гээд 4 сарын 5-нд Ойрад театрт 10 хүсэл биелүүлэгч, 10 хүслийн захианы эзнийг авчран бяцхан арга хэмжээ хийв. Тэнд 2-р сургуулийн 10-р ангийн сурагч Мөнхцэцэгийн сумаас шилжиж ирсэн найзынхаа аав ээжийг ажилтай болгох хүсэлтэй охины хүслийг “Шинэ-Эрин”-ий Бэгзээ ах маань биелүүлж, Тува улсад инженерээр сурах хүсэлтэй хүүгийн хүслийг Дэчинравжаалан хийдийн да лам Г.Чимэддорж биелүүлэхээ амлаж, би ч бас хэд хэдэн хүүхдийн хүслийг биелсний заримд нь биечлэн гардуулан өгч, “Талын Натур”-ын захирал Мягмаржав дүү маань чөлөөт бөхийн улсын аваргад орох Гал-Очирын замын зардлыг бэлэглэж, З.Энхболд даргын дамжуулсан ном, захиасыг хүргүүллээ. Өлгий сумын 4-р ангийн сурагчийн хүслийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ганбаатар /Мадаа/ ах маань, Увс-Эрдэм сургуулийн 9-р ангийн сурагч Баянмөнхийн дүүдээ машин өгөх хүслийг Цэцэгмаа эгч, физикийн номтой болох хүсэлтэй Цэндсүрэн гэдэг хүүхдийн хүслийг ИТХ-ын дарга Чимэд ах биелүүлснээ эздэд нь ерөөлийн үгтэйгээ хамт өглөө.
Нөгөө анх би хүслийг нь биелүүлэх хүн байна уу? гэж асууж байсан Ерөөлт, Бөхмөрөн сумын 4б ангийн сурагч Жавхлан 2-т Цэндсүрэн дарга унадаг дугуй авч өгөв. Ерөөлт залуу ч миний санаачилсан ажлуудад хамгийн идэвхитэй ордог мундаг хүү байгаа юм. Тэр арга хэмжээний үеэр хурдхан дуусаасай гарч дугуйгаа унах минь гээд байсан нь л бүр санаанаас гардаггүй юм.
Бөхмөрөнгийн хүүгийн захиа бас гоё. Дугуйтай болж унаж сурна. Дараа нь мотоцикль унаж сурна. Тэгээд ээждээ усыг нь дөхүүлж өгнө гэж. Ээжийгээ хайрлах хайраа ийм гоёор хэлнэ, илэрхийлнэ гэдэг чинь бас л сайхан юм.
Энэ арга хэмжээнийхээ бичлэгийг ТВ-ээр ганц нэг явуулсан. Та ч бас үзсэн байж магадгүй. Амжаагүй бол хүслийн захиа гээд хайвал интернетэд одоо ч үзэж болохоор байгаа.
Сүүлд идэвхитэй ангиудын дунд дахин БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЫН уралдааныг мөрөөдлийн ангиа ямар байх вэ? сэдвээр зарлаад, түрүүлсэн ангийг нь ч бас сайхан тохижуулж өгсөн. Ингэж намын дарга гэдэг улс төрийн албан тушаалтай болсныхоо анхны том ажлыг хүүхдэд хандсан сайхан ажил хийх хүсэл маань бүрэн биеллээ. Бодсноос ч сайхан үр дүнтэй болсон. Захидал бичсэн бүх хүүхдүүдэд хариу захиаг бичиж илгээсэн юм. Даан ч зарим нь замын холд эзнээ ололгүй эргээд Улаангомд ирсэн харагдсан. Ингээд тэдэнд бичсэн хариу захиагаа ч бас танд сонирхуулий. Хүслийн захиа гээд энэ сайхан аяныг дэмжиж, тусалж, хүүхдүүдийн хүслийг биелүүлэхэд гар бие оролцсон бүх хүмүүстээ баярлаж байгаа энд дахиад нэг хэлье. Та бид ирээдүй хойчийнхоо төлөө их том ажлыг хамтдаа хийж чадсан шүү. Хүүхэд бүрийн хүсэл биелж байгаасай.