Дарханд Ганбаярынхаа тариан талбайгаар орж, ХЭРВЭЭ ТА уламжлалт асуултаа тавьж ярилцаад гарч явахад газар тариалантай өөрийн хөдөлмөрөөрөө холбогдсон ганцхан түүх минь, цагаан гартай багачуудаа хөдөлмөрийн амтанд оруулах гэж хичээн зүтгэж байсан өвөө аавын минь тухай дурсамжууд бодогдож байснаа та нартайгаа хуваалцая гэж бодлоо.
Манай хөгшин аав Энхийн Сүх-Очир гээд хүн байлаа. Өвөө минь сум үүсгэн байгуулагдаж байхад анхны удирдлагаар ажиллаж, хожмоо бригадын дарга, ойн цагдаа гээд ажлууд хийж байсан нутаг орондоо нэр хүндтэй буурай байв. Хөгшин аавын минь тухай олон сайхан дурсамжууд хадгалагдан үлдснээс өөрийнхөө хүүхдүүд, ах дүү нарынхаа 10 айлыг нэг хашаанд буулгаад хамтарч амьдрах, нэгнээ дэмжин аж төрөх одоогийнхоор бол багийн ажиллагааг дэмждэг байсан нь одоо ч сайхан санагддаг юм. Манайхан чинь нэг том хашаанд амбааруудаа зэрэгцүүлж барьчихсан, айл айлын муу ус, бохирын нүхүүдээ нэгтгээд нэг жижиг бүлэг, коммунити үүсгээд амьдардаг байв.
Нэг удаа 83, 84 оны үед санагдана, би лав нилээн бага байсан юм. Амбаарынх нь ард талд 5*5 буюу 25 метр квадрат газрыг хүүхдүүдийнхээ ач нарт оноож өгөөд хагалуулаад, төмс тариулж эхэллээ. Ингэж бидний 10 гаруй хүүхдүүд анх удаа өөрсдийн төмсний талбай болж түүнийгээ арчилж, тордох гээд хөөрхөн ажилтай болов оо. Үүнийг нь харж, дэмжиж байсан аав минь бас жижигхэн инновацийн бүтээл хийж, гараар дардаг усалгааны жижигхэн насос хүртэл хийж өгөв. Ингээд л элсэн дээр буцалтал нар шарахаас өмнө эртлэн босож өөр өөрсдийн жижигхэн талбайгаа усалж, зэрлэгийг түүдэг том ажилтайгаар нэгэн хаврыг аваад зунтай залгав.
Гэтэл нэг өдөр сумын нарийн бичгийн дарга ирэн хэрэг мандав аа. “Сүх-Очир гуай та, сум оронд хариуцлагатай алба хашиж явсан, нас намба тогтсон хүн байж ингэж хүүхдүүдийн хөдөлмөр шулж, мөлжиж байдаг, даанч яав аа” гэж байна. Тэгээд ч зогссонгүй бүр хувийн аж ахуй эрхэлсэн “хүнд ял”-д хөөрхий хөгшин аав минь унав. “Юун хувийн аж ахуй, юун хүүхдийн хөдөлмөр мөлжих байх вэ? Энэ хэдэн балчир хүүхдээ л ажлын дөртэй болгох гэсэн санаа шүү дээ” гэж учирлаж хэлсэн ч юм уу? үгүй ч юм уу? бүү мэд. Ямартай ч хүч мөхөсдсөн хөгшин аав минь, сумын нарийн бичгийн даргын нүдэн дээр биднээр болц нь гүйцээгүй төмсийг зуны халуун өдөр зулгаалган гаргаж хаяж байв.
Балчир хүүхдүүдээ ажлын дөртэй болгож, хөдөлмөрийн амтанд ороосой гэж хүсэн зүтгэж байсан хөгшин аавынхаа сэтгэлийг би нилээн хожуу л ойлгож ухаарсан шиг санагддаг юм. Тэгээд өвөөгийнхөө хэрэгжүүлсэн аргыг туршин жилийн өмнө ах дүү нарынхаа 10-аад хүүхдүүдийг цуглуулан нэг ажилд туслуулж үзэв.
Эцэг эхчүүд бид чинь хүүхдүүдээ мундаг хүн болгохсон, сэтгэхүйтэй санаачлагатай болгохсон гэж бүгд боддог мөртлөө яаж ийм болгох вэ? гэдгээ үнэндээ мэддэггүй, сайндаа л төлбөртэй сургуульд өгөхөөс хэтрэхээ больж. Гэсэн ч нэг л санаанд хүрч өгдөггүй.
Өнгөрсөн зуны амралт эхэллээ. Хүүхдүүд нэг хэсэг тоглож наадаад удахгүй уйдаад эхэлцгээв. Би ч заримаас нь насанд нь баймгүй зүйл нэхээд л, голоод л учраа олохгүй бухимдаад л. Энэ үед харин эхнэр "Чи хүсээд байгаа зүйлээ өөрөө биеэрээ заагаад, чиглүүлээд үлгэрлээч. Юу хүсээд байгааг чинь ойлгохгүй байна шүү дээ" гэж хэлэхэд нь өвөөгийн минь биднээр төмс тариулж байсан нь санаанд орж, нээрээ тийм юм болов уу гэж санаад өглөөнөөс нь цуглуулаад ярилцлаа. Дунд ангиийнхан, ахлах ангийнхнаар нь холимог багууд гаргаад шинэ төслийн судалгааны ажилд туслах чиг үүрэгтэй нэгж болгов. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд үзсэн кино, идсэн хоол, тоглосон тоглоом, авсан хувцас, орсон газруудаа бүртгэх амархан мөртлөө будлиантай ажлаар ажлаа эхэллээ. Ялгаатай нь мэдээж цалинтай.
Харин би анх төсөөлөхдөө нилээн ажил болно доо, үр дүнгүй шахуу гэсэн ойлголттой эхэлсэн. Гэтэл эхний өдрөөсөө л хүүхдүүдийн хувьд дуртай, миний хувьд сонирхолтой болж хувирсан. Өглөөд цагаа бүртгүүлээд танхимд ажиллах, гадуур судалгаанд явахад төвөгшөөх юм алгаа тэдэнд. Зах зээл дээр тэдэнд зориулсан ямар бүтээгдхүүн трэнд болж байгаа, яагаад өөрөө сонгодог тухайгаа нилээн бодитой дүгнэлтүүд хийж байснаас гадна хэрэглэхийг хүсдэг зүйлс нь надаас илүү соргог өргөн хүрээтэй харагдаж байлаа. Энэ үеийнхэн яалт ч үгүй шинэ үе болохоор биднээс төсөөллөөр хэд дахин илүү байдаг юм билээ. Компьютер тоглоом тоглодог зэргээсээ болоод хийсвэр төсөөлөл үнэхээр илүү хөгжчихдөг ч байж мэднэ. Ингээд ажил маань үр дүнтэй болж "9/1 боллоо, та нар одоо хэд хоног амарчих гэхэд үгүй ээ гээд урд өдөр нь хүртэл ажилламаар байна" гээд байсан шүү. Тэд баг болж ажиллаж, зарим газруудыг судалж өдөржингөө ажиглалт бүртгэл хийж, шинэлэг мөртлөө алдартай биш хоолны газруудыг илрүүлж, мэдээллээ цэгцэлж, тайлангаа илтгэж ажилласан. Эцэст нь “хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг шиг хүүхдүүд урамтай бас цалинтай би шинэ санаануудын цуглуулгатай нэгэн зун өнгөрч билээ. Дүгнээд хэлэхэд эцэг эхчүүд бид хий дэмий шаардахаас илүүтэй ХИЙНГЭЭ СУРАЛЦААД, ХАМТДАА ХӨГЖӨӨД явах боломж их байх шиг байна шүү. Зарим нь одоо ч над руу үзсэн харсан зүйлийнхээ зургийг явуулдаг, ярилцдаг болж хэвшиж эхэлж байгаа.
Харин эргээд Ганбаярынхаа ярьсан яриа руу ороход 25 метр квадратад төмс тарихаас хэтрээгүй “тариаланч” миний бодлоор нөхөр үнэхээр зөв хэрэгтэй шийдлүүдийг хэлж байх шиг санагдсан. Тэг элдэншүүлэлт, зах зээлээ чөлөөлөх зэргийг одоо хийхгүй бол оройтох талдаа орсон нь маргаангүй. Харин түүний хэлсэн малын тэжээлийн тариалалтанд түлхүү анхаарах ёстой гэсэн үгийг дэлгэрүүлээд дээр их дэлгэрэнгүй бичсэн ИХ НАЯДЫН УВС хөтөлбөрийн үндсэн нэг хөтөлбөр нь МАХ ТАРЬЯ төслийнхөө талаар товчхон нэг параграф бичье гэж бодлоо.
Манай Увс аймагт Баруунтуруун, Тариалангаа түшиглэсэн бараг 50,000 га эргэлтийн талбай байдаг аж. Үүнээсээ бид өнөөдөр 10,000 хүрэхгүйг нь л ашиглаж байна. Гэтэл малчид маань үргэлжид байгалийн эрхшээлд, зуд гангийн айдастай. Үүний шийдлийг ангижав Зугдарын туршлагаар батлан тариалангийн талбайдаа тэжээл тарьж, тарьсан тэжээлээрээ малаа бордоод мах ховордсон хаврын тарчиг цагт шинэ махаа зах зээлд нийлүүлбэл хаа хаана үр өгөөжтэй байж болох гэж хараад МАХ ТАРЬЯ гэж нэрлэсэн юм. Үүнийгээ хэрэгжүүлэх гэж хөтөлбөр гаргаад, хүмүүст ухуулга сурталчилгаа хийж нилээн явсан ч би ч, нам ч сонгуульд ялагдаад мартагдах талдаа орсон. Гэтэл харин Ерөнхийлөгчийн хүнс, хөдөө аж ахуйн зөвлөхөөс эхлүүлээд хариуцлагатай ажил хийж явсан Л.Эрхэмбаяр ах маань үүнийг маань ажил хэрэг болгоод явж байна. Нөхөр шувууны аж ахуйгаа өргөжүүлээд Турууны Усжуулалтын системийг худалдаж авч, тэжээл тариа тариад, тариагаараа хурга бордох гэх мэт төслүүд санаачлаад, түүнийгээ олон нийтэд танилцуулаад өнгөрөгч өвөл IPO хийв. Эхлүүлэх гэж бодож, хэрэгжээсэй гэж хүсэж явсан ажлыг маань гардаад хийгээд эхэлсэн журмын нөхөр Л.Эрхэмбаяр ахдаа ажилт хүсэн, ажлуудыг нь чадахаараа дэмжин л сууна даа.