ХЭРВЭЭ ТА ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ЭРХ МЭДЭЛТЭН БОЛОХ БОЛОМЖ ГАРВАЛ ЮУ ХИЙХ ВЭ?

ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

ХӨРСӨӨ ХАМГААЛАХГҮЙ БОЛ

  • Хамгийн түрүүнд хөрс хамгаалал, хөрсний үржил шим дээр анхаарна. Үүний тулд хамгийн эхлээд ярих ёстой юм нь технологи гэж бодож байна. Хөрсний хамгааллыг зөв технологиор зөв элдэншүүлж, зөв агротехнологиор тариа буудайгаа тариалж, боловсруулж, үйлдвэрлэж гаргаж ирэх хэрэгтэй байна.
  • Хөрс хамгаалал бол үндэсний хэмжээнд маш том асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд хавартаа салхи шуурга болоход ямар их хөрс, шороо хийсч байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ.

Хөрсийг аль болох багаар хөндөж, хөрсний элэгдлийг яаж бууруулж болох технологи байна түүн рүү л явах нь зөв гэж боддог. Хаван сийрүүлэлт, хөмрүүлэн хагалах технологийг аль болох багаар ашиглаж, хамгийн багаар хөрсийг хөндөх технологийг ашиглах зөвлөмжийг ШУ-ы байгууллагуудтайгаа хамтарч гаргуулаад хэрэгжилтийг нь хянаад явна. Энэ үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой.

ХҮНЭЭ БЭЛДЭХГҮЙ БОЛ

  • Цаг алдалгүйгээр маргаашнаас МСҮТ дээр трактор, комбайны операторуудыг бэлдэж эхлэх хэрэгтэй байна.
  • Салбарынхаа хүний нөөц дээр ихээхэн анхаармаар байна. Яг одоо намрын ургац хураалтын ажил явагдаж байна. Цалин мөнгийг нь өгөөд ч ажиллуулах хүн олдохгүй байна. Хүйтэнд нь  хөрөөд, халуунд нь халаад ажиллах залуучууд ховор байна.

ЗАХ ЗЭЭЛЭЭ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ БОЛ

 

  • 50,60 жил болсон ОХУ-д үйлдвэрлэгдсэн техникүүдээр үр тариагаа тарьж, боловсруулж, хурааж авч байсан. Харин сүүлийн арваад жилд өндөр хөгжилтэй орнуудад ашиглагдаж байгаа техникүүдийг ашиглаж байна. Энэ техникүүдийн албан ёсны дилер компаниуд нь ороод ирчихсэн байна. Энэ компаниудыг зах зээлийнх нь зарчмаар ажиллуулж өгөх юм бол газар тариалангийн салбарын техник шинэчлэлд ч, ажлаа хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч их амар байх болов уу?
  • Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас эхлүүлээд техник, үр, хор, ургамал хамгааллын бодисыг ч төрөөс нийлүүлж байна. Угтаа үүнийг төр хийх биш мэргэжлийн компаниуд нь бэлэн байхад тэднээр хийлгэх ёстой юм.
  • Тэр мэргэжлийн байгууллагуудыг ажиллуулахгүй байгаагаас болоод дараагийн засвар үйлчилгээ, сэлбэгийн нийлүүлэлт, техник эвдэрлээ гэхэд завсарын компани ирээд засаад өгчихдөг, нэг утасдахад сэлбэг нь бэлэн байдаг юм алдагдаад байна.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА

  • Манайд байгаа энэ олон сая мал бэлчээрээр яваад байх боломжгүй. Тариалангийн тухай хуулиар тариалангийн талбайгаас 500 метр дотор өвөлжөө, хаваржаа, зуслан, мал байхыг хориглосон заалт бий. Хуулиа бариад ирвэл тариалангийн бүс нутагт бэлчээрээр ямар ч мал байх боломжгүй.
  • Ямар мал байж болох вэ? гэхээр фермер буюу эрчимжүүлсэн мал аж ахуй байх боломжтой. Эрчимжүүлээд ирэхээр улам ч олон сая мал энд бий болоод ирнэ. Түүний хоол тэжээлийг хэн бэлтгэх ёстой? гэхээр тариаланчид л бэлдэх ёстой. Цаашдаа яг ийм кластер хэлбэрээр хөгжих чиг харагдаж байна.
  • Одоо дийлэнх таримал улаан буудай байгаа. Дээрээс нь тэжээлийн, тосны ургамлыг сэлгэн тариалалтаар тарьж байна. Цаашдаа энэ байдал өөрчлөгдөнө.
  • Тэгэхээр цаашдаа бид зөвхөн улаан буудай , тосны ургамал биш тэжээлийн ургамлыг нилээд тарих болно.
  • Нэг талд нь тариаланчид, нөгөө талд нь малчид байгаад байнгын зөрчилтэй байна гэж хүмүүс хардаг. Цаашид яаж энэ 2-ыг хамтруулах вэ? гэхээр мал аж ахуй эрчимжиж байж л хамтарна. Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан 2 хаяа залган орших боломжгүй.