2019 онд ТЭСО корпорацийн дансанд Youtube-ээс ямар учиртай нь мэдэгдэхгүй мөнгө шилжүүлсээр 10 дугаар сарын сүүл гэхэд 26 000 ам.доллар болсон байв. Эхэндээ андуурч шилжүүлээд байна гэж бодож байсан ч удалгүй энэ мөнгө нь Youtube дэх “TesoCorp” албан ёсны сувагт 2014 онд оруулсан нэгэн рекламны роликтой холбоотой болохыг мэдэв. Тухайн үед Аляска зайрмагны сурталчилгааны хүрээнд хийж байсан энэ видеог одоогийн байдлаар 216 сая хүн үзэж, компанийн суваг 550 мянга гаруй дагагчтай болсон байна. Youtube-ээс мөнгө шилжүүлээд байсан учир нь энэ сувгийн контентуудыг үнэ цэнэтэй гэж үзээд мөнгөн урамшуулал олгож эхэлсэнтэй холбоотой байв. Youtube-ээс ирүүлсэн тооцоолол, саналаар ийм олон дагагчтай сувгийг контент бүтээх чиглэлээр ашиглавал ТЭСО корпораци сард хоёр тэрбум шахуу төгрөгийн орлого олох аж. Ингэж ТЭСОгийнхон тун санаандгүй байдлаар маш ашигтай, сонирхолтой бизнесийн шинэ загварыг туршиж үзэх боломжтой юм байна гэдгийг олж мэдэв.
Холбогд, бас дахин холбогд
Алмаз, бал чулуу хоёр яг адилхан нүүрстөрөгчөөс бүтсэн материалууд. Гэвч бөх батаараа эрс тэс ялгаатай. Нэгээр нь шил зүсдэг байхад нөгөөд нь хурууны хумсаар зураас гаргаж болно. Гол учир нь тэдгээрийн молекулын бүрдэл эсвэл атом, молекулын талстат торон бүтцэд байдаг.
Байгаль дээрх уг сонирхолтой зүй тогтол физикийн хичээлд дурласан О.Цогтгэрэлийн хувьд хүүхэд байхаас толгойноос нь гардаггүй байлаа. Хожим байгалийн энэхүү хууль нийгмийн амьдралд ч адилхан үйлчилж, хүмүүс хоорондоо хэр их холбоо тогтоож, хамтран ажиллана төдий чинээ амжилтад хүрдгийг анзаарчээ. Тиймээс ТЭСО корпорацийг бизнесийн талаар сод ухаан, гарамгай мэдлэгтэй хэн нэгний бүтээл гэхээс илүү тогтвортой хамтын ажиллагааны үр дүн гэхэд болно.
О.Цогтгэрэл бол есөн хүүхэдтэй, зургаан хөвгүүнтэй айлын дундах нь. Тэдний аав Одон шинийг санаачлагч, зохион бүтээгч гэдгээрээ Увс нутагтаа алдартай нэгэн байсан. С.Одон 16 настай байхдаа ааваасаа ТОЗ калибр буу аваад сум байрлах хүхээгний доод талаас цоолж томсгон таван сум байрлуулж автомат болгосон нь түүний анхны инновацилаг шийдэл байв. Засварын газарт ээлжгүй жижүүр хийж байхдаа элдвийн механик эд, зүйлсийг хорхойсон судалдаг байж. 1970 онд Тэсийн голын хөндийд тэжээлийн аж ахуй байгуулагдсанаар С.Одонгийн хувьд зохион бүтээх алтан үе нь эхэлсэн. Тэрбээр өвс нуруулдаж ганцхан хүний хүчээр тэвшинд өвс ачих төхөөрөмж, тэжээлийн шуудай оёх машин, төмөр утсаар тор нэхэх машин зэргийг зохион бүтээжээ. Нийтдээ тэр “Шинэ бүтээл, оновчтой санаа”-ны 20 гаруй гэрчилгээтэй, жинхэнэ инноваци нэвтрүүлэгч байжээ. Улс орон зах зээлд шилжин тэжээлийн аж ахуй хэрэггүй болж амьдрал хэцүүдэхэд С.Одонгийн гэр бүл бас л шинийг санаачилсныхаа хүчинд амжилттай бизнесийн үндсийг тавьж эдүгээ корпораци болтол хөгжүүлээд байна.
Зах зээлд шилжсэн эхний хүнд жилүүдэд С.Одон болоод түүний хөвгүүд дор бүрнээ л өөдтэй амьдрах арга ухаан сүвэгчилж байв. Хэдийгээр хураасан, өвлөж авсан хөрөнгө гэж байгаагүй ч тэдний гол давуу тал нь гэр бүл, хамаатан садан, хот айл, нутаг усыг хамарсан нягт хамтын ажиллагаа байв.
О.Цогтгэрэл багаасаа хүнээр заалгалгүй өөрөө санаачлагатай ажилладаг байсан нэгэн. Амьдралдаа тэр хоёр л удаа маш ашигтай наймаа хийсэн. Их сургуулийн нэгдүгээр курст байхдаа дараа жил ЕБС-иудад ашиглах, эс ашиглах сурах бичгийн жагсаалтыг олж аваад ах нартайгаа хамтран Увс аймгийн төвийн болон бүх сумын номын сангаас ашиглах номуудыг нь цуглуулж авчээ. Тэр үед хүүхдүүд сургууль завсардах нь ихэссэн байсан тул номууд бараг ашиглагдаагүй, маш хямдхан байв. Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө хоёр төгрөгөөр авсан 10 мянга гаруй номоо хотод авчран тус бүрийг нь 200 төгрөгөөр зарж арвин ашиг олов. Энэ мөнгөөрөө талх, нарийн боовны цех ажиллуулсан ч амжилт олоогүй. Гэхдээ том сургамж болжээ. Нутгаасаа “цөлмөсөн” 10 мянган номоо 20 жилийн дараа дөрөв дахин их болгож нутагтаа бэлэглэсэн байна.
Харин хоёр дахь наймаа нь жинхэнэ утгаараа амжилттай болж, ТЭСО гэдэг айлын үндсийг тавьжээ. 1995 онд түүний нэгэн хамаатан нь хүнд зээлүүлсэн мөнгөнийхөө оронд Оросод үйлдвэрлэсэн зайрмагны торх хийдэг машин авчээ. Тэр машинаар нэг торхыг гурван төгрөгөөр үйлдвэрлээд 25 төгрөгөөр зарах боломжтой байв. О.Цогтгэрэл аав, ах хоёроо Улаанбаатар луу дуудаж “Энд зайрмагны аяга хийдэг нэг болхидуу машин байна. Та нар сайжруулж чадах байх” гэв. Гурван сарын дараа хоёр тоннын жинтэй машины 100 кг хүртэл багасгасан, гэхдээ адилхан хүчин чадалтай хувилбар бий болов.
Энэ машинаар зайрмагны торх үйлдвэрлэж боломжийн ашиг олоод явах боломж байсан ч “Удахгүй ийм машиныг өөр хэн нэг нь гаднаас оруулж ирнэ” гэж бодоод адилхан машин хийж зарах бодол О.Цогтгэрэлд төрөв. Ингээд 50 мянган төгрөгний өртгөөр хийж байсан машинаа 30 дахин нугалж 1.5 сая төгрөгөөр зарж эхлэв. Нийтдээ тэд 20 гаруй машин зарж тэр үедээ олон байр машин авах хэмжээний мөнгө цуглуулав.
Чухам эндээс тэд ТЭСО корпорацийг байгуулах анхны туршлага, хуримтлалыг олж авчээ. Гэвч хамгийн чухал зүйл нь ах дүүсийн бие биетэйгээ мэдлэг, мэдээллээ хуваалцаж байсан ухаалаг менежмент байлаа. Том ах О.Сайнбуян нь ТЭСОгийн суурийг тавихад гол үүрэг гүйцэтгэжээ. Хоёр дахь ах О.Сайнжаргал нь инженер болж, аав шигээ шинийг сэтгэж компанийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан. Дараагийн ах О.Дамжин нь Хятадаар мэргэшиж хожим ТЭСО корпораци урд хөршид экспортын чиглэл нээхэд голлох нөлөө үзүүлсэн. Дүү О.Наранхүү компанийнхаа засаглалыг орчин үеийн шаардлагад нийцүүлж, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээл авах төсөлд хамаг л нарийн ширийнийг хийжээ. Ийнхүү ах нар нь ааваасаа, дүү нар нь ах нараасаа суралцан, сурснаа нэгэндээ хуваалцах зарчмаар С.Одонгийн “Есөн эрдэнийн холбоо” Монголын бизнесийн ертөнцөд амжилт гаргаж явна.
Үр дүнтэй хамтын ажиллагааны үр дүнд сумын төвийн зиндаанаас эхэлсэн ТЭСО корпораци эдүгээ уул уурхайн бус экспортын чиглэлд манлайлж байна. Алмазан холбоосын ач тус гэдэг энэ ажгуу.
Өнөөдөр ТЭСО корпорацийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй О.Цогтгэрэл алмазан холбоосны үнэ цэнийг улам гүнзгий, шинэ түвшинд харж ойлгож байна. Хэн үр дүнтэйгээр олон холбоо сүлбээнд орно, тэр хүн хожиж байна. Нэг ч бараа үйлдвэрлэдэггүй Амазон, Алибаба, нэг ч зочид буудалгүй Airbnb, нэг ч улсад такси паркгүй Uber зэрэг компаниуд хүмүүсийн нэг нэгэндээ бүтээгдэхүүн борлуулах, хямд өрөө хөлслөх, нэг цэгээс нөгөөд хүрэх гэсэн энгийн хэрнээ чухал хэрэгцээнүүдийн холбоосон дээр суудаг. Энэ мэтээр холбоосыг үр дүнтэй ашиглаж чадсан нь хэдхэн жилд топ компаниудын эгнээнд шилжиж байна.
Үйлдвэрлэлийн түвшинд ч зөв холбоос үүсгэх нь чухлаар тавигдаж эхлэв. Компани хэр олон байшин барилга, дэд бүтэцтэй гэхээсээ илүү үйл ажиллагааныхаа чиглэлүүдийг хэрхэн үр дүнтэй уялдуулснаас амжилт олох эсэх нь шалтгаалж байна.
ТЭСО корпораци ч бас цаг үеийн энэхүү өөрчлөлтийг соргог мэдэрч үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь нэг нэгнээ дэмжсэн хэлбэрээр үнэ цэнийн гинжин хэлхээ үүсгэхийг зорьж байна. Сайн гинжин хэлхээ “1+1=3” гэсэн үр дүнг үүсгэдэг. ТЭСО хүнсний үйлдвэрлэлдээ жимс, сүү, цагаан идээ гэх мэтээр үндсэн хэдхэн төрлийн түүхий эдийг тойруулан нэг нэгнээ дэмжсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэснээр тэдгээрийн холбоос нь синержи үүсгэдэг. Яг л физикийн ухаанд цацраг идэвхит материалын хоёр хэсэг нийлэхээрээ хамтын жингээсээ хол давсан энерги ялгаруулдагтай адил.
Компани хоорондын хамтын ажиллагааны түвшинд энэ нь Монгол улсад хэн нь юу үйлдвэрлэж, юу хийх хэрэгтэй вэ гэдэг асуудал юм. Ялангуяа манай улсын томоохон компаниуд экспортод чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж байгаа үед холбогдох, хамтран ажиллахын ач холбогдлыг үнэлж баршгүй. Хэрэв компаниуд, цаашлаад эдийн засгийн салбарууд ямар нэгэн байдлаар нэгдэхгүй, хоршихгүй бол энэ нь Сэлэнгийн ногоочид намар болохоор тус тусдаа портерт ногоогоо ачаад Улаанбаатар луу гардгийн томосгосон хувилбар төдий юм.
Сүүлийн үед ТЭСО мэдээллийн технологид хөрөнгө оруулж буй нь ч холбоосоо сайжруулах гэсний илрэл юм. Тухайлбал, тээвэр ложистикийн программ хангамжийн төсөлд хөрөнгө оруулж байгаа нь компани өөрөө олон машин худалдаж авахгүйгээр хувьдаа машинтай олон жолоочийг хувьдаа ачаатай олон хувь хүн, байгууллагатай холбох аппликэйшн хөгжүүлэх зорилттой нь холбоотой.
“Зах зээл бидэнд хоорондоо сайн холбогд, аль болох олон холбоосонд орж синержи үүсгэ гэсэн даалгавар өгөөд байна. Өөрөөр хэлбэл, холбогд, холбогдсоноороо төрөлж, төрөлжсөнөөрөө ялгар гэж томъёолоход болно” гэж тэр онцлов.
Монголын том компаниуд групп болж үйл ажиллагаа нь өргөжөөд, зарим охин компани ямар ч ашиг авчрахгүй хэрнээ ажиллаад л байдаг. Энэ нь манай улсад зах зээлийн төрөлжилт муу, нэг компани олон зүйлийг зэрэг хийх хэрэгтэй болдгоос үүдэлтэй. Гэсэн ч ТЭСО корпораци сүүлийн үед гол биш зүйлсээ бусад мэргэжлийн компаниар хийлгэх чиглэл барьж байна. Дотоодын компаниудтай хамтран бүтээгдэхүүнээ сольж үйлдвэрлэх санал ч тавьсан. Гэхдээ Монголд шинэ зүйл учраас амаргүй байгаа. “Бид юу хийх вэ гэхээсээ өмнө юу хийх хэрэггүй вэ гэдэгт анхаарах хэрэгтэй” гэж О.Цогтгэрэл ярьж байлаа.
Бизнес дэх үлэг гүрвэлүүд
2003 онд ТЭСО-г албан ёсоор байгуулахдаа цаашдаа үйлдвэрлэгч компани хэлбэрээр өргөжин хөгжинө гэсэн бодол О.Цогтгэрэлд байлаа. Гэвч энэ бодол сүүлийн үед бага зэрэг өөрчлөгдөх болов. ТЭСО зөвхөн үйлвэрлэгч биш бас хөгжүүлэгч компани болох цаг үеийн шаардлага иржээ.
“Бамбар” зайрмагнаас эхлээд “Голден милк” сүү, “Зөв” аарцны ундаа, “Хаан” чипс, “Лапша” гоймон зэрэг инновацийн цуврал шийдлүүдийг хэрэгжүүлсний дараа ТЭСО корпораци заавал нүсэр том дэд бүтэцтэй, их хөрөнгөтэй компани байх албагүй гэдгийг тэр ойлгожээ.
Инновацилаг гэр бүлээс үүссэн тус компани хүнсний чиглэлдээ “Уламжлалыг шинэчлэнэ” гэсэн зорилготой. Орос, Хятадад хийдэг бүтээгдэхүүнийг яг тэнд хийдгээр нь хичнээн чанартай үйлдвэрлээд ч өрсөлдөж чадахгүй гэдгийг тэр сайн мэдэж байв. Түүний оронд сүү, цагаан идээ гэсэн уламжлалт түүхий эдээ ашиглан гадаадад хийх боломжгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьжээ. Тиймээс аарцыг шингэн болон хуурай хэлбэрээр зах зээлд гаргасан нь амжилт олж, цаашлаад Хятад, Казахстан зэрэг улсад экспортлогдоод багагүй хугацаа өнгөрлөө.
Үйл ажиллагааных нь онцлогийн үүднээс харахад ТЭСО-г бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэгч компани гэж тодорхойлоход болно. Монгол Улс гадаадын технологи, гадаадын тоног төхөөрөмж, гадны менежмент гэх зэргээр гаднаас бүх юмаа авчихаад экспорт хийж гадныхантай өрсөлдөх нь утгагүй. Үүний оронд Монголын онцлогтой зүйлсийг яаж орчин үежүүлж, орчин үеийн технологитой хэрхэн хослуулах вэ гэсэн маш тодорхой алсын хараагаар ТЭСО корпораци хөрөнгө оруулалтаа хийдэг. Мөн компаниа бус брэндээ таниулахад анхаардаг. Үүний ачаар Монголоос хүнсний салбарт анх удаа эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргасан компани болж, уул уурхайн бус экспорт хийсэн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж байна. Өнөөдрийн байдлаар ТЭСО жилд 10 орчим тэрбум төгрөгийн барааг экспортолж байгаагийн дийлэнхийг хуурай сүү эзэлж байна.
ТЭСО бизнесийн загвартаа өөрчлөлт оруулж хөгжүүлэгч компани болохоор шийдсэн нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Юун түрүүнд амжилттай брэндинг хийх, түүнийгээ экспортод гаргахад заавал Монголд том үйлдвэр барих, том бүтэцтэй байх шаардлагагүй болсон цаг үе ирсэн. Хэрэв ТЭСО ноу-хау боловсруулж сайн брэнд, технологи хөгжүүлж чадвал үйлдвэрийн байр нь Хятадад уу, Монголд уу гэдэг хэдийнэ чухал бус болсон. Өөрийн брэндийн дор хаана ч, хэнээр ч үйлдвэрлүүлэх үүд хаалга нээлттэй. Тиймээс ТЭСО сүүлийн жилүүдэд Хятад, Оросод зарим бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжийг судлан хэлэлцээрүүд хийж байна.
Хоёрдугаарт бөөн хатуу хөрөнгө, капитал хураасан компаниудад энэ нь давуу тал гэхээсээ илүү дөнгө болж, харин шинэ бизнес загвартай залуу компаниуд богино хугацаанд амжилт олж байна. Энэ нь бизнесийн ертөнцөд орчны маш том өөрчлөлт явагдаж буйн илрэл юм. Дарвины шалгарлын хуулиар хамгийн том биетэй, хүчтэй нь бус хамгийн уян хатан, дасан зохицох чадвартай амьтад уур амьсгалын өөрчлөлтөд тэсч үлддэг. Тиймээс үлэг гүрвэлүүд мөхсөн. Яг үүнтэй адил хүний амьдралын хэв маяг улам дижитал хэлбэртэй болж өөрчлөгдөж буй энэ нөхцөлд нүсэр бүтэцтэй, их хөрөнгөтэй, удаан хөдөлгөөнтэй компаниуд мөхөх магадлал тун өндөр болов. Үүнийг Воолмарт тэргүүтэй барууны зарим сүлжээ олон дэлгүүрээ хааж буйгаас харж болно. Тиймээс “Манайх тэдэн охин компанитай” гэхээс илүү “Бид тийм ийм инновацилаг шийдэл нэвтрүүлсэн” гэвэл илүү үнэ цэнтэй сонсогдоно.
ТЭСО корпораци барилгын салбарт ч тэр илүү инновацилаг шийдлүүдийг нэвтрүүлж эхлээд байна. Байшин барих нь хэдийнэ чухал байхаа больж, харин тухайн төсөл ямар үзэл санаа агуулсан бэ гэдэг нь чухал болсон. Тус корпорациас одоо хэрэгжүүлж буй Sky Garden төсөл нь Kids first гэсэн уриатай. Тодруулбал, илүү хүүхэд, хүн төвтэй барилгын төлөвлөлттэй төсөл юм. Тэд энэ төсөлдөө дахиад л оршин суугчид хоорондоо, бусад хотхонтойгоо бүр үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хүртэл холбогдох боломжуудыг оруулж өгчээ. Монголд анх удаа төлөвлөсөн өвлийн цэцэрлэгт хүрээлэнтэй хотхоны бүх байр галлерей холболтоор холбогдох бол хотхон нь ҮЦХ-тэй дугуйн гүүрээр холбогдох аж.
Сүүлийн жилүүдэд монгол компаниудын захирлын амнаас хамгийн их гарч байгаа үг бол “экспорт”. Гэвч экспортлоход учир бий. Их хөрөнгө оруулалт татаж том үйлдвэрүүд барих уу, эсвэл илүү инновацилаг, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. ТЭСО корпорацийн хувьд хэдийнэ хоёр дахь замыг сонгосон. Бараг үйлдвэргүй шахуу Сингапур улсад өөрсдийн боловсруулсан стандарт, технологийн дагуу Хятадад бүтээгдэхүүн үйлдвэрлээд хөгжиж буй орнууд руу борлуулдаг компани олон бий. Яг үүнтэй адил олон үйлдвэр барихгүй ч Монголын натурал эко бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах чиглэлийг ТЭСО баримталж байна. Энэ тухай О.Цогтгэрэл “ТЭСО хөнгөхөн, гэхдээ үнэ цэнэтэй компани болно” гэж хэллээ.
Тэгвэл энэ үнэ цэнэ хэний төлөө бүтээгдэх вэ?
Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг уран гоё үгэнд боож, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн нүдийг хуурч аргацааж бизнес хийдэг цаг үе өнгөрч, юмыг чин сэтгэлээсээ, шударга, алсын хараатай хийхээс өөр аргагүй болсон. Учир нь хэрэглэгч маш их мэдээлэлтэй байгаа. Тэд амьтны арьсаар үнэтэй цүнх хийдэг компаниас илүү хаягдал боловсруулдаг компанийг үнэ цэнтэйд тооцож худалдан авалтаа хийдэг болсон.
Ийм нөхцөлд компаниудын бүтээгдэхүүн, шийдвэрүүд, олон нийтэд чиглэсэн ажлуудаараа дамжуулж хэрэглэгчдэд өгөх мэссэж чухал. Монголын том компаниуд нэр дээрээ бөх барилдуулж, морь уралдуулах нь нийтлэг. Харин ТЭСО корпораци морь, бөх уралдуулахаас илүү инноваци монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сойх зорилготой.