О.Цогтгэрэлийн “Зүг Чиг” номын тухай

       Хэн ч бай бүх л зүйлийг мэднэ гэж байдаггүй. Өөрийн мэргэшсэн, мэддэг зүйл биш бол тухайн зүйлийг илүү сайн мэддэг бусдаас асууж, "зүг чиг" гаргаж байх хэрэгтэй. Өнөөдрийн танилцуулах энэ номд зохиогч нь салбар салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс "Хэрвээ та ..." гэсэн асуултыг асууж, тухайн салбарт ямар зүйлсийг өөрчлөх хэрэгтэйг сонсон нэгтгэжээ. Өөрөөр хэлбэл бодлогын асуудлууд дээр хөгжилд хөтлөх ямар шийдлүүд байж болох талаар эрэл хайгуул хийн, зүг чиг гаргахыг зорьсон байна. Ингээд ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч О.Цогтгэрэлийн шинэ номтой танилцацгаая.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

       Энэхүү номын зохиогч, ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч О.Цогтгэрэл оюутан ахуй цагаасаа л бизнес хийхээр оролдож, талх нарийн боовны цех ажиллуулж, зайрмагны аяга хийх машин зарж, сумаасаа хот руу ном зөөж, бүгдийг өөрийн гараар хийж иржээ. Өдгөө түүний үүсгэн байгуулсан компани хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, тээвэр зуучлал, барилга, уул уурхай зэрэг нийт 12 охин компанитай, мянга таван зуун ажилтантай корпораци болон өргөжиж, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж буй.

НОМЫН ТУХАЙ

       "Зүг" чиг ном нь зохиогчийн салбар салбарын төлөөллүүдтэй хийсэн видео ярилцлага дээр суурилжээ. Тэрээр тухайн ярилцлагаас онцлууштай санаануудыг буулгаж, түүнийг тухайн сэдвээрх өөрийн бодол санаа, өөрт тохиолдсон явдлуудтай сүлэн бичжээ. Хэлбэрийн хувьд тун уншихад амар, ойлгомжтой байдлаар бичсэн байх бөгөөд гарчиг тус бүрийн дор байрлах QR кодыг уншуулж ярилцлагыг видео хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлжээ.

       Ном “Шинэ хөдөө”, “Шинэ эдийн засаг”, “Эргэж хар, урагш алх” гэх гурван бүлэгтэй бөгөөд 20 зочны санаа бодлыг тусгажээ. Зочдын дотор Номин Холдингийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ш.Баярсайхан, Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Датаком ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат зэрэг хүндтэй эрхмүүд харагдах аж. Жишээ дурдвал, Odel брендийн үүсгэн байгуулагч Д.Ган-Одоос “Өнөөдөр малчин бол ямар техник, технологийн шийдэл ашиглах вэ?” гэж асуухад 2011 оноос АНУ-д ашиглах болсон малын чипийг Монголд ашиглаж байгаагаа, хоёр жилийн дараагаас малын байрлалыг бүрэн тогтоох боломжтой болох талаар ярьсан байх аж. Аялагч Г.Ганхүүгээс “Хэрвээ та аялал жуулчлалын сайд байсан бол?” хэмээн асуухад Монголын аяллын салбарт юу юу дутаж байгааг, юунд түшиглэж хөгжүүлэхийг тайлбарлаад, Холливудаар Монголын тухай ганц кино хийлгэхэд хэчнээн жуулчин ирж болох талаар ярьсан гээд төрөл төрөл ажил бизнес эрхэлдэг, амжилтад хүрсэн эрхмүүд тун сонирхолтой өнцөг, шийдлүүдийг хуваалцсан байна.

      Гэхдээ бодлогын асуудал гэхээр хөндсөн сэдвүүдийг хэт холын, хэт том юм гэж бүү бодоорой. Энэ номд хөндөгдсөн сэдвүүд иргэний боловсролд, ялангуяа улс орны ирээдүйд санаа тавьж сонгууль өгөх хүсэлтэй хүмүүст их хэрэгтэй санагдсан. Мөнгө тарааж өгөхийн оронд татвараа багасгах нь зөв болохыг мэдэж, сугалааны шударга байдлыг хангахыг биш бодлогын хүүг бууруулахыг шаардах ёстойгоо ойлгож авахаар юм билээ.

 

НОМЫН ХЭСГЭЭС

Өргөн нь биш гүн нь:

Хэдхэн жилийн өмнө дэлхий дахины бизнесийг үнэлэх үнэлэмж ч өөр байлаа. Бүгдийг нь хийдэг олон үйлдвэртэй, энд тэнд үл хөдлөхтэй бизнесийг мундаг сайн гэж үздэг байв. Харин өнөөдөр өөрийнхөө хийх ажилд төвлөрдөг илүү үнэ цэнэ бүтээдэг, ноу хау эзэмшдэг, менежмент суурьтай компаниудыг илүү сайн гэж үздэг болжээ. Барааны шошгон дээр MADE IN USA гэж бичдэг цаг үеэ өнгөрөөж, та бидний барьж буй Apple утас хөгжүүлэлтээ Los Angeles, California-д хийж жижиг эд ангиудаа хэдэн арван арван улсад хийлгэн угсаруулж байна. Үр дүнд ашгийн дийлэнхийг авч, үүгээрээ дараагийн технологи, бүтээгдэхүүний санаагаа санхүүжүүлнэ. Шошго нь ч үйл ажиллагаа нь ганцхан DESIGNED BY гэсэн үгээр илэрхийлэгдэнэ. Энэ мэтчилэн бизнесийг өргөн хүрээгээр биш, нэг цэгт илүү гүн рүү орж хийдэг бизнесүүд дэлхий дахинд мода болж байна. Google, Apple, Facebook, Amazon тэргүүтэй (GAFA гэж нэрлэгдэх) бүгдийг хийдэг биш төрөлжиж, төвлөрсөн бизнесүүдийн эрин үе айсуй.

/46 дугаар талаас эшлэв/

ЗАРИМ ЭШЛЭЛ

Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар: 

"Тэр үед монголчууд өөрсдийн мэдэж байсан дэлхий ертөнцийн бүхий л газар нутгийг эзэлж, Ази Европыг эзэлсэн том улс болсон. Анхны даяарчлал гэдэг юм чинь энд л үүссэн.

Михачи ХХК-ийн захирал Ибунаро Томоко: “Монгол бол ган ихтэй, хуурай, гэнэт хүйтэрдэг бусад орны зөгийн аж ахуйг бодоход зөгийн бал хураах хугацаа бага учраас хямдхан зөгийн балыг их хэмжээгээр гаргаснаас илүү үнэтэйг тогтмол гаргах нь оновчтой.”

Газар өгөөж ХХК-ийн захирал Б.Ганбаяр: 

“Хөрс хамгаалал бол үндэсний хэмжээнд маш том асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд хавартаа салхи шуурга болоход ямар их хөрс, шороо хийсэж байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ."

Номин Холдингийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ш.Баярсайхан: 

“Компанийн тухай хууль, Нууцын тухай хууль дээр юуг нууц байлгах вэ гэдгээ компани өөрөө тогтоодог... Хувьцаа нь чөлөөт арилжаалагддаг тэр системийг хөгжүүлье гэсэн хэрнээ тэр тоонууд нь нууц байхаар мэдээж хөрөнгийн зах зээл хөгжихгүй шүү дээ.”

Аялагч Г.Ганхүү: 

“Манай аялал жуулчлалын салбар түшиглэн хөгжих хоёрхон зүйл бий. Эхнийх нь түүх. Дэлхийн түүхийг бүтээлцсэн гарын таван хуруунд багтах ард түмний нэг шүү дээ, бид. Гэвч түүхээрээ бахархаад цээжээ мянга дэлдээд ирээд үзэх бүтээгдэхүүн байхгүй байна. Үүн дээрээ бид шаргуу ажиллах ёстой. Нөгөө нь нүүдэлчин соёл иргэншил. Нүүдэлчин соёл иргэншлээ түгээж, сурталчилж, фокуслаж ажиллах ёстой.”

Новел Инвестмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ангар: 

“Өнөөдөр дэлхий дээр гаднын банкгүй хоёрхон улс байна шүү дээ. Нэг нь Хойд Солонгос, нөгөө нь манайх.”

Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар:

"Огт мэдлэггүй хүн, мэдлэгтэй мөртлөө юм хийдэггүй хүн адилхан гэж бий боддог... Өөрийнхөө олж авсан мэдлэг боловсролыг эх орондоо, салбартаа, өөртөө зориулах л, хэрэгжүүлэх л ёстой."

Рехтус ХХК-ийн захирал В.Ойдов: 

“Сургуульдаа явж чадахгүй байна гэдэг чинь хүн 70 наслахдаа үлдсэн бүх амьдралаа үр бүтээлгүй болгочхож байгаа асуудал.”
 

Датаком ХХК, Хархорум академийг үүсгэн байгуулагч Д.Энхбат: 

“Яг өнөөдөр Монгол улсын хөгжилд юу дутаад байна вэ гэвэл миний бодлоор бидэнд мөрөөдөл дутаж байна. Монголын гурван сая хүнд би тэгнэ, би үүнийг хүсээд байгаа гэдэг дээр нэгдэж ойлгосон дүр зураг байхгүй байна.”