Ардчилсан зах зээлд шилжсэнээс хойш манай улсын эдийн засагт ямар өөрлөлтүүд гарсан бэ. Эдийн засгийн хувьд улс орны хэмжээнд шийдэх гол асуудлыг шийдэж чадсан уу?
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хөгжлийн асуудлыг ярьж ирсэн хэр нь өнөөдөр ажил хэрэг бол хөгжсөн зүйл алга. Ардчилал гэдэг ойлголт нь хөгжлийн асуудлаасаа түрүүлээд хөгжөөд явчихлаа. Өнөөдөр манай улсы дэд бүтцийн асуудал, нийгмийн тэгш байдал, баялгийн тэгш хуваарилалтын асуудал зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр эдийн засаг ямар байгааг ярихын тулд гурван том үзүүлэлтийг харах ёстой. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, дотоодын хэрэглээ ямар төвшинд байгаагаар тодорхойлж болно. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт саарч, бараг л тэгтэй тэнцэж байна. Энэ жилийн хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй харагдаж байна. Мөн экспортын гол түүхий эдийн ханш унаж, богино, дунд хугацаанд үнэ өсөхгүй байх хандлагатай байна. Тэгэхээр эдийн засгийн сэргэлтийн асуудлыг ярихын тулд дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэх, ашиглагдаагүй потенциалыг ашиглахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Дотоодын хэрэглээ гэдэг нь үйлдвэрлэлээ хөгжлүүлэх хэрэгтэй гэсэн үг үү. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэлийг нэлээд дэмжиж ажиллалаа. Ер нь үйлдвэрлэлийг хөгжлүүлэх нь эдийн засгийн хөгжилд ямар үүрэгтэй вэ?
Эдийн засгийн хөгжил гэхээр нэг хэсэг нь онолын тухай ярьж, нөгөө хэсэг нь том төслүүд яриад байдаг. Хөгжлийн тухай асуудал бол энгийн л ойлголт гэж би боддог. Үйлдвэрлэл явуулж, нэмүү өртөг шингээдэг, мэдлэг оюун шингээсэн бүтээгдэхүүн гаргах нь өөрөө хөгжил юм. Түүнээс биш нэг тонн төмрийн хүдрийг 100 ам.доллараар зарж, буцаагаад төмрийн хүдрээр бий болгосон бүтээгдэхүүнийг 1000 ам.доллараар авах нь хөгжил биш гэдгийг энгийн ойлгодог шүү дээ.
Өнөөдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2050 төгрөгтэй тэнцэж, бусад үзүүлэлтүүд муу байна. Эдийн засгийн орчныг хэрхэн дүгнэж байна вэ?
Өнөөдрийн 2050 гэдэг бол ам.долларын бодит ханш. Хэдий ам.долларын ханш өсч байгаа манай улсын урсгал тэнцэл алдагдалгүй байгаа нь сайн. Нөгөө талд экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхгүй байхад ханш өсөлттэй байх нь гарцаагүй болоод байна.
Цаашид ам.долларын ханш чангарна гэж ойлгож болох уу. Ер нь ханшийг тогтвортой байлгах боломж харагдаж байна уу?
Ам.долларын ханш бодит байдлаас тасарч огцом өсөхгүй. Одоогийн байгаа ханш бол бодит тэнцвэрээр явж байгаа. Бүтэн жилийн турш 47 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Хөрөнгө оруулалт ийм хэмжээтэй байх үед ханш 2000 төгрөгөөс давж огцом өссөнгүй шүү дээ. Нэгэнт гадаадын хөрөнгө оруулалт, эскпорт нэмэгдэхгүй байгаа учраас дотооддоо нэмүү өртөг шингээсэн боловсруулалтын төвшингөө нэмж, уул уурхайгаас бусад үйлдвэрлэлийг хөгжүүлж зах зээлд гарах өөр арга байхгүй.
Орон сууцны найман хувийн хүүг тав болгох бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Үүнийг хэр зөв шийдэл гэж харж байгаа вэ. Ямар эрсдэл гарах бол?
Одоогийн төвшинд орон сууцны зээлийн хүүг таван хувиас ч бууруулах боломж бүрдсэн байгаа. Гэхдээ дунд болон урт хугацаандаа инфялц нам тогтвортой төвшинд байх уу гэдэг асуудлаас бүх зүйл хамаарна. Миний таамаглаж байгаагаар ойрын гурван жилдээ орон сууцны зээлийн хүүг бууруулах эрсдэлтэй алхам биш. Учир нь, богино хугацаанд инфялцын төвшин бага байх боломжтой харагдаж байна. Нөгөө талд, Засгийн газар хүүг бууруулахдаа ялгаатай, бүсчилсэн байдлаар хэрэгжүүлж байгаа нь зөв. Энэ нь нэг талаараа эрсдэлийг тооцож, хамгаалж байна гэж харсан.