АТТИЛАГИЙН ЗАМААР: УХРАХ, УРАГШЛАХЫН ХООРОНД

УРАГШ АХИАГҮЙ “ГУЧИН ЖИЛ”

Монголчууд гэлтгүй энэ дэлхийн бүхий л хүн хөгжих дэвших чин хүсэлтэй. Энэ хүслээрээ жигүүрлэн бид сүүлийн 30 жил ганзаганд мордох нь мордож, ажлаа хийх нь хийж, жижигхэн үйлдвэрлэл эрхлэх нь эрхэлж эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээж байна. Төр засаг маань ч улсаа хөгжүүлж, бизнесийнхнийг дэмжиж, иргэдээ орлогожуулах уриа лоозонгоо 30 оны туршид марталгүй дэвшүүлэн, зарласаар ирлээ. Харин эргээд харахад хамт гараанаас хөдөлсөн улс орнуудаасаа төө хойно хоцорчээ. Гаргасан хөдөлмөр, урсгасан хөлс нь тэднээс дутахгүй ч гарсан үр дүн нь иймхэн жоохон байгаагийн бурууг ганцхан БУРУУ БОДЛОГО-оос болжээ гэж хэлж болохоор санагддаг.

 

ДЭЛХИЙГЭЭС ЗӨРЖ АЛХСАН “МОНГОЛ БОДЛОГО”

Бодлого буруу гэж итгэлтэй хэлдгийн шалтгаан нь төрийн шийдвэр, бодлогын дэмжлэг, сэтгэлгээ бүгд дэлхий нийтийн жишиг, сүүлийн үеийн бизнесийн хандлагаас тэс эсрэг яваад байгаад байгаа юм. Манайхан үеийн үед Япон, Солонгосын жижиг дунд үйлдвэрлэлийн жишээг “ишлэсээр” ирсэн. Гэтэл тэнд машины эрэг боолт,  деталь эд ангиас эхлүүлэн голдуу ганцхан төрөл зүйлийг хийдэг 20,000 компани хамтран Toyota гэдэг машиныг хийдэг ажээ. Ингэж хийсэн машинаа улсаараа, бүгдээрээ нийлээд “рекламдаж” борлуулж, ашгаа хүртдэг. Харин Монгол бодлогоор талаар нэг тарсан үйлдвэрлэгчдийг дур дурын бүтээгдэхүүнээ хийж, өөрсдийн мэдэх замаараа борлуулаарай гээд орхидог. Toyota, Samsung шиг Монгол бүтээгдэхүүн гаргахын төлөө төрийнхөн бодлогын хэмжээнд юу ч хийлгүй 30 жил өнгөрлөө.

Технологи ховор, автоматжуулалт бага цагт үйлдвэрлэл хаа сайгүй хэцүү байсан бололтой. Тэр цагт хомс барааг борлуулах нь амар байсан байж таараа. Энэ ойлголт, зарчим дээр зарим сурах бичиг, ном, онол гаргасныг манай дарга нар уншсан байж магадгүй. Тиймдээ үйлдвэрлэх л хэцүү гэж ойлгоод, өчнөөнөөр төсөл бичүүлээд, зээл өгч, жижигхэн бүтээгдэхүүн гаргасныг дэмжин урамшуулж иржээ.

Харин одоо үйлдвэрлэх, бүтээгдэхүүн нь бий болгох нь энгийн болохын хирээр энэ их өрсөлдөөн дундаас борлуулалтаа хийх нь хамгийн хэцүү болжээ. Гэтэл чөлөөт зах зээлд шилжээд он удаан оныг барахад Монгол брэндийг бий болгоход төр юу ч хийсэнгүй. Хийсэнгүй ч гэждээ Чингис гээд дэлхийд Монголын брэнд болохуйц нэр байсныг бүтээгдэхүүн дээрээ тавих нь хориотой гэж нэг хууль, журам гаргасан гэж нэг сонсогдсон. Бараг ганц хийсэн ажил нь энэ байх, гэхдээ сөрөг ажил.  Миний энд хэлээд байгаа Монгол брэнд гэдэг нь тогтсон нэг нэр, бүтээгдэхүүний тухай яриа юм. Toyota, Samsung гэдэг шиг. Угаасаа Япон чанар, Герман чанар, Солонгос технологи гэдгээс биш Япон брэнд гэдэг нэршил байдаггүй. Улсын нэрээр тухайн бүтээгдэхүүний шинж чанар, хэв маяг л тодорхойлогддог.

БАЙГААГАА ХИЙХ БИШ, ХЭРЭГТЭЙГ НЬ ХИЙХ

Өнгөрсөн он жилүүдийн бодлогын жинхэнэ том алдаа нь биднийг байгаагаа хийхийг л уриалж, ухуулж, дэмжиж ирсэнд байгаа юм. Энд бэлэн байгаа түүхий эдээр бүтээгдэхүүн хийхээр зоривол магтан урамшуулж, хөнгөлөлттэй зээл урамшуулал олгож байв. Түүнийг хэн авахыг өмнө нь хэзээ ч бодуулж байсангүй. Гэтэл бизнес ганцхан суурь зарчим бий.

Надад юу байх нь хамаагүй, бас миний юунд дуртай, юу хийж чадах нь бас хамаагүй. ГАНЦХАН ХЭРЭГЛЭГЧ, ХҮМҮҮС ЮУ ХҮСЭЖ БАЙНА, ТҮҮНИЙГ НЬ ХИЙ гэдэг зарчим.

Үүнийг л төрийн маань ойлгочихвол ЖДҮ-г, хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүсийг яаж дэмжих зам нь тодорхой болох байв. Эхлээд борлуулалтын нэгдсэн бодлогоо гаргаад, үнэ цэнийн гэж хэлдэг бас өртгийн ч ярьдаг сүлжээний хойноос нь бодоод, дэмжээд эхэлбэл энд тэнд унаж, босоод яваа бизнесүүд маань босоод ирнэ. Гэтэл санаатай, санамсаргүйг нь мэдэхгүй борлуулалтаа огт бодолгүйгээр 30 жил манай төрийнхөн ЖДҮ-чдээ “дэмжсээр” ирсэн. Захын нэг суманд л хэд хэдээр нь талхны цехт  хөнгөлөлттэй зээл өгсөн гэдэг шиг үй түмэн жишээ бидний эргэн тойронд байна. Эцэс сүүлдээ ЖДҮ-чдийг дэмжих ёстой зээл, санхүүжилт гишүүдийн бизнесийг, ББСБ-ийг дэмжсэн жишээ гарч баригдсан нь саяхны үйл явдал юм. Хойд, урд хөршөөс эхлүүлээд овоо дориун мөнгөтэй болсон биднийг сайтар таних Япон, Солонгосчууд юу хүсэж, биднийг хэн гэж харж байгааг тодорхойлолгүйгээр Монгол брэнд бий болохгүй.

 

ӨРГӨН НЬ БИШ ГҮН НЬ

Хэдхэн жилийн өмнө дэлхий дахины бизнесийг үнэлэх үнэлэмж ч өөр байлаа. Бүгдийг нь хийдэг, олон үйлдвэртэй, энд тэнд үл хөдлөхтэй бизнесийг мундаг сайн гэж үздэг байв. Харин өнөөдөр өөрийнхөө хийх ажилд төвлөрдөг, илүү үнэ цэнэ бүтээдэг, ноу хау эзэмшдэг, менежмент суурьтай компаниудыг илүү сайн гэж үздэг болжээ. Барааны шошгон дээрээ MADE IN USA гэж бичдэг цаг үеэ өнгөрөөж, та бидний барьж буй APPLE утас хөгжүүлэлтээ Los Angeles, California-д хийж, жижиг эд ангиудаа хэдэн арван улсад хийлгэн угсруулж байна. Үр дүнд ашгийн дийлэнхийг авч, үүгээрээ дараагийн технологи, бүтээгдэхүүний санаагаа санхүүжүүлнэ. Шошго нь ч, үйл ажиллагаа нь ганцхан DESIGNED BY гэсэн үгээр л илэрхийлэгдэнэ. Энэ мэтчлэн бизнесийг өргөн хүрээгээр биш, нэг цэгт илүү гүн рүү орж хийдэг бизнесүүд дэлхий дахинд “мода” болж байна. Google, Apple, Facebook, Amazon тэргүүтэй (GAFA гэж нэрлэгдэх) бүгдийг хийдэг биш төрөлжиж, төвлөрсөн бизнесүүдийн эрин үе айсуй.

УРАГШЛАХ ЗАМЫН ЦУУРАЙ

Эхлэлээс энэ хүртэл манай төрийн болохгүйг, гадны улсын сайхныг ярилаа. Төрийн бодлого, дүрэм, журам, сэдэл, хүсэл, санхүүд бүрэн  “дөнгөлөгдсөн” ЖДҮ-чид, бизнесийнхнээ энэ “гав”-наас нь салгахын тулд миний бие бас зүгээр суусангүй.

Үүсгэн байгуулалцаж, үйл хэрэгт нь оролцсоор яваа ТЭСО корпораци маань өдгөө 1600 гаруй албан ёсны ажилтан, албан хаагчидтай. Бид өнөөдөр ч гэсэн ажилчдын хувцсаа угааж, хоолыг хийж, харуул хамгаалалтаа хариуцаж, тээвэр ложистикээ хийх зэргээр бараг бүгдийг байна. Салбарын  захирал залуус үндсэн ажил, бизнестээ төвлөрөхийн хажуугаар дэмжих хэсгийн энэ мэт ажилчдын цалин, цагийн тооцоо, ажлын чанарт цагийнхаа дийлэнхийг бараг “үргүй дэмий” өнгөрөөсөөр. Зөвхөн энэ мэт ажлуудыг өөр бусдаар гэрээлэн хийлгэхэд зөвхөн манай компаниас л гэхэд 200 гаруй ажлын байрыг мэргэжлийн компаниуд руу шилжүүлэх боломж харагдаж байна. Ийм боломжийг бас бусад компаниудыг бий болгооч гэж уриалахын сацуу олноороо нийлж төрийг ч бас шахмаар байна.

Монголын төрд бараг 200,000 орчим албан хаагч байдаг статистик тоо бий. Тэнд байгаа үйлчлэгч, цэвэрлэгч, харуул, сантехникч, нягтлан бодогчдыг мэргэжлийн компаниудад өгөх цаг болсон. 10 мэргэжлийн компаний дунд тендер зарлаж, ажлаа гүйцэтгүүлээд, төрийнхөн маань хариуцсан ажилдаа мэргэшиж, төвлөрөхгүй бол “өөх ч биш, булчирхай ч биш” явсаар бүр туйлдаа хүрэх нь ээ. Төрийн албанаас гарч хувьд шилжих энэ олон ажлын байруудын цаана ахиу цалин, илүү мэргэших боломж, сэтгэл ханамж бий болно.

 

ХАМТДАА УРАГШЛАХ ШИНЭ АЛХАМ

Өөрийн бизнесээ илүү төвлөрүүлэн үлгэр жишээ үзүүлэн, бусдыг уриалж, төрийг шахаж, ЖДҮ-чдээ “дөнгө”-нөөс нь салгах энэ санаачлагаа АТТИЛАГИЙН ЗАМ гэж нэрлэн ажиллаж эхэлж байна. Банк, бизнес эрхлэгч, Аттила брэнд хамтран хэн хэн нь хожих модель бүтээхээр олон хүнтэй уулзаж, уриа, лого, бодлого, зарчмаа томьёоллоо.

Манай банкууд ч бизнесийн философио өөрчилж, барьцаанд найдаж, зээл муудахаар барьцааг нь борлуулж ажилладаг биш, найдвартай борлуулалтын гарц бүхий төсөлд санхүүжилт олгож ажиллахаа эрэлхийлж эхэлсэн. Аттила санаачлага, бизнес эрхлэгч, банкны хамтарсан гурвал. Ингэснээр бизнесмен борлуулалт маркетингийн нэгдсэн сүлжээний нэг хэсэг, банк борлуулалтаа шийдсэн харилцагчтай, Аттила нь зөвхөн хөгжүүлэлт дээрээ төвлөрч чадах бүгдээрээ хожих загвартай  нэгдэл болно. Бидний өвөг дээдэс болох Аттила хааны “Хүн гүрний эрчүүд Ромын хөлсний  цэрэг болдог биш, хөлслөгчид болдог байх” үзэл санаа, үйл хэргээс жишээ авсан Аттилагийн замаар санаачлагад маань Харвард, Оксфордын их сургуулиудыг бизнесийн удирдлагаар төгссөн залуучуудаас эхлүүлээд бизнес эрхлэгчид, төрийн албан туршлагатай олон хүмүүс нэгдэж байна.  

Юу хийж чадахаа эхлээд бодолгүйгээр, юунд дуртайгаа түр мартан Аттилагийн замаар гар гараасаа барин эцсийн нэг бүтээгдэхүүний нэг эрэг шураг нь эсвэл хэрэглэгч байх биш эзэн болох хүсэлтэй хэн бүхний өмнө Аттила брэнд санаачлагын маань үүд хаалга нээлттэй байна.

Хувь заяаныхаа эзэн нь байх, дэлхийг дайлах Монгол брэндийн нэг хэсэг нь байх та бүхэндээ ялалтын баярын мэнд хүргэе. Монголын бизнесүүд урагшлах, ухрахын хооронд эргэлзэж гацалгүй урагш ШИНЭ АЛХАМ хийцгээе.