СҮҮЛЧИЙН МАНАН

1989 онд Америкийн философич Франсис Фукуяамагийн “Сүүлчийн хүн” хэмээх нийтлэлийн социалист системийн нуралтаар түүх төгслөө, сүүлчийн хүн хэн байхыг төсөөлөх боломжтой боллоо гэсэн санаа ихэд алдаршсан байдаг. Монголын улс төрд бий болсон МАНАН гэдэг нэр томъёо эхнийх болоод ийм гайхшралд оруулж байна уу? эсвэл сүүлчийнх болоод гайхамшгийг бүтээчихэв үү?

МАНАН хэмээх энэ мангасын үзэгдэл, өнгөц талыг ярьж ихэд шуугиж, зарим нь дайснаа дарж дархан цолоо мандуулав. Чухам иймд МАНАН-гийн үүсэл гарал бий болгосон бүтээн байгуулагчид, нураан сарниулахын төлөө уриалагсад энэ талаарх орилоон драмыг түр орхиод учир зүй, хууль логик талаас эрэл хайгуул хийлээ.

Хэдийгээр нийгмийн хууль зүй тогтлууд байгалийн хуулиудын тусгал биш боловч танин мэдэхүйн ээдрээнд орсон тохиолдлуудад дандаа шахуу оршин буй ахуй, орчинтойгоо харьцуулж дүгнэлт гаргалгаагаа хийдэг. Иймээс байгаль дээр ийм үзэгдэл байна уу хэрхэн ялгарч сарниж алга болдог вэ? гэдгээс хайлтаа эхлэе.

Байгаль дээр энергийн шилжилт хөдөлгөөнийг харуулдаг гол хууль термодинамикийн 2-р хууль гэж байдаг нь энергийн шилжилт хөдөлгөөний чиг, өөрчлөлт хувирлыг заадаг суурь хууль.

Энэ хуулийн физикийн утга, математик томъёоллыг орхин тайлбарлах гэж оролдвол “Битүү системд энтропи үргэлж өсдөг буюу аливаа хаалттай систем дотор эмх замбараагүй байдал заавал нэмэгддэг” гэдэг. Дүйцүүлж ойлговол хүн гараараа бүтээж байгаагаасаа илүү ихийг хэрэглэж замбараагүй болгож байдаг гэсэн санаа. Жишээ нь барилга байшин босож техник төхөөрөмж үйлдвэрлэгдэж цэгцрэл бий болдог ч гэсэн энэ нь өөрөөсөө хэдэн зуу, мянга дахин их зүйлийг цэгцгүй болгож байж бүтдэгтэй холбоотой.

1 тн ган хайлахын тулд ойролцоогоор 50 тонн шороон овоолго, 5 тонн төмрийн хүдэр олборлож 10 тонн ус хэрэглэдэг. Мөн 1 кг алт авахын тулд 10 мянга дахин их жинтэй зүйлийг ухаж тээрэмдэж угаадаг гэдэг. Энэ тээрэмдэлт, бутлалт, шигшилтийн дараа эмх замбараагүй зүйлс үлдэнэ. Нэг талаараа эмх замбараагүй боловч нөгөө талаараа ялгах боломжгүй ижилхэн зүйлс, яг манан шиг.

Онолоороо бол энэхүү ялгаагүй байдал нь ихсээд тэнцвэрт төлөвт ордог. Тэнцвэртэй болж байгаа нь сайн юм шиг мөртлөө нөгөө талаасаа задрал тэсрэлтийн эхлэлийн цэг болж хувирдаг. Усан дээр сүү хийхэд хэний ч оролцоогүй цийдэм болдог, буцаад ялгая гэвэл хийсэн шигээ амархан биш. 20 гаруйхан настай өөр өөр орчинд өсөж хүмүүжсэн залуус хос болж хамт амьдарсаар өтөл болоход адилхан үнэлэмж, хэв маяг бүхий болж ойртдог. Бүр ихэнхдээ зүс царай ч адилхан болдог гэлцдэг.

Социализмын төгсгөлөөр буюу наян хэдэн оноос бүх юм сайхан ч болчихсон юм шиг зөрчилгүй, бүх хүний өмссөн хувцас иддэг хоол хэрэглэдэг хэрэглээ бүгд адилхан болчихсон нийгмийн цаана тэсрэлтийн хүч нуугдаж байсан. Харин энэ тэсрэлтийн мөчийг бифуркацийн цэг гэх бөгөөд дээд төлөв рүүгээ гарч хөгжих, эсвэл доош унаж дампуурах нигууртай гэж томъёолдог.

Монголчууд 1990 онд энэ тэсрэлтээр хувь хүний эрх эрх чөлөө, авъяас чадвар, хүсэл сонирхлыг эрхэмлэх хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн зам руу орсон. Үндэсний соёлоо сурталчилж, бусдын соёлоос импортолж нүд нээсэн жилүүд байлаа. Аливаа зөв чигийн замд ч гэсэн бартаа нугачаа, шавар цас, үер ус юу эс таардаг билээ.

Гэтэл өнөөдөр, 30 жилийн дараа ийм бэрхшээл бидний өмнө гарч ирлээ. Үзэл баримтлалын ялгаагүй намууд, үнэт зүйлийн ялгаагүй улс төрчид. Харамсалтай нь энэ удаагийнх зөвхөн Монголчуудын биш дэлхий нийтийн бэрхшээл болон гарч ирсэн. Мэдээллийн технологийн хувьсгалаар асар хүртээмжтэй, асар хямдханаар харилцаж болдог болсноор мэдээлэл дамждаг уламжлалт сувгуудийг эвдэлж, мэдээллийн хомсдлоос хэт илүүдэл, эмх замбараагүй хаос төлөвт оруулчихлаа.

Нийгэм хэдийгээр байгалийн хуулийн хуулбар биш, улс орон гэдэг хаалттай систем биш боловч урт хугацаанд үйлчлэл нь хүчтэй нөлөөлдөг “байгаль хамгийн бага эрчим зарцуулах хүсэлтэй” хэмээх тогтолцооны эсрэг хүн хамгийн тансаг амьдрах, хамгийн ихийг хураах хязгааргүй хүсэл мөрөөдлөөрөө хурцлагдан зогсож байна. Энэ хоёрын найрал зохицол хэдийгээр асуудлыг шийдэх ч байгалийн хуулинд зохицон амьдрахаас өөр сонголтгүй.

Иймд МАНАН нь байгалийн хуулийн дагуу зүй ёсны адилсал руу ойртсоны илрэл бөгөөд харин нийлж төр улсаа дээрэмддэг, хулгай хийж хууран мэхэлдэг нь харин тусдаа зөвтгөх аргагүй гэмт хэрэг юм.

МАНАН жамаараа шахуу явж байгаа бол энийг засварлах боломж байгаагүй юу. Цаашид юу болох вэ гэдэг зүй ёсны асуултууд гарч ирнэ. Бугшиж байгаа алдааг илрүүлэх түүнийг илааршуулах нь ардчилсан тогтолцооны үндсэн давуу тал хэдийгээр мөн боловч сүүлийн 30 жилийн дэлхий нийтийн глобалчлал, уул уурхайн гэнэтийн орлого, мэдээллийн технологийн хөгжил гурав нийлэхээрээ дүгнэлт хийж аажмаар танин мэдэх ухаарах боломжийг бүгдэд нь олгосонгүй. Ингэснээр хөрөнгө, мэдээлэл, эрх мэдлийн хэт ялгаатай талууд үүсэж адил талуудаараа нэгдэж эхэлжээ. Энэ үйл явцаас сэргийлэх боломжууд байсан. Нөгөө талаасаа энэ бүх буглааг ил наранд гаргаж хурдасгасанд олзуурхууштай.

Цаашид юу болох вэ? Мэдээж мананг манангаар сарниулах боломжгүй. Тодорхой хэмжээний доргилт тэсрэлт бодит амьдрал болоод оюун санааны хүрээнд зайлшгүй гарна. Зүй нь энэ тэсрэлтээр ялгаа, ялгарал үүсэх ёстой. Энэ ялгаа нь эрүүл саруул барууны болон зүүний үзэл баримтлал, глобал эсвэл үндэсний, хувийн эсвэл нийтийн эрх ашиг гэх мэт харьцуулж болох эсрэгцлүүдийн зөрчил, өрсөлдөөнд хөгжлийг бий болгох ёстой.

Харин өнөө болж буй явцыг харахад эсрэгээрээ ялгаралын нэг талд Хүрэлсүх тэргүүтэй шударгуудын бүлэг гэж гарах юм гэнэ. Нөгөө талынхан нь бид шударга бусчууд гэж тэмцэх үү. Энэ лав хөгжлийн төлөөх хуваагдал биш. Большевист, коммунист хуваагдал.

Бараг бүгдээрээ ждүдчихсэн мөртлөө шударга ёсны төлөө тэмцэх юм гэнэ. Дүр эсгэсэн шударга ёсоор шударга нийгмийг тогтоож чадах уу, худлаагаасаа хөгжинө гэж өөрийгөө хуурахаас тэгээд юугаараа ялгаатай гэж.

Нэг хэсэг нь бид эх орончид гэхээр бусад нь хэн болох вэ. Нийгмийн дайсан, ангийн дайсан болох уу. Өнөөгийн энэ хуваагдалд ганцхан ирээдүй хүлээж байна. Шударга ёс тогтоох гэсэн дүр эсгэгчдийн хийрхэл, эх орончоо үзүүлэх уралдаан юунд хүргэдэг бэлээхэн жишээ хорвоогоор дүүрэн.

Эцэст нь хэлэхэд энэ бол бидний Монголын эхний ч манан биш, сүүлчийн манан бүр ч биш. Хөгжлийн төлөөх манангүй нийгэм биднээс дүр эсгэсэн шударга ёсыг илчлэхийг, дүр эсгэсэн эх орончдын багийг хуулахыг шаардаж байна. Эрүүл саруул, өрсөлдөөнт хуваагдал ялгарлыг шаардаж байна.