Философи, Ном, Хобби....

Ө.Ганзориг гээд бизнесийн салбарт амжилттай карьер хийж залууст үлгэрлэж яваа сайхан сэхээтэн бий. Тэрээр олон сэдвүүдээр нийгэмд дуугаа хоолойгоо хүрдгээс үндсэн ажил, мэргэжилтэй нь холбоотой сэдвийг сонгон бид ярилцсан. Энэ хүрээнд түүний ярьсан хэд хэдэн реформ, бидний асуудлынхаа учир шалтгааныг ололгүй гал унтраах байдлаар ажилладаг арга барилуудтай хэн хүнгүй санал нийлэх байх. Яг одоо Монголын төр ийм л залуусынхаа үгийг сонсож, тэдэнд ачааны хүндийг үүрүүлж салбар салбартаа салхи оруулах цаг нь болжээ. Энэ өөрчлөлтийн эхэнд манай Ганзориг мэтийн залуусыг түүчээлэн яваасай гэж иргэд олон нийт хүсэж буй нь лавтай.

Түүнээс гадна тэрээр философийн асуудлыг нилээн сонирхдог нь анзаарагддаг. Энэ тухай  бид 2 хэд хэдэн удаа “амттай” яриа өрнүүлж, нөхрийн блог, фэйсбүүк дээрх товч нийтлэлүүдээс ч бас би ганц нэгийг нь эргүүлж тойруулан уншиж байв. Нөхрийн өөрийн ертөнцийг үзэх үзлээ олон нийтэд толилуулж, нийтээрээ философийн боловсролоо нэмэгдүүлээсэй гэж хүсэж явдагт нь талархалтай ханддаг.

Би бас өдийгөөс бараг 10 оны өмнө нэг философи, физик, шашин, шинжлэх ухааны сэдвүүдийг хамарсан өргөн хүрээтэй хөгжлийн зүй тогтлын тухай нэг ном бичсэн юм. Өнөөдөртэй харьцуулбал их л залуу, гал ус руу гараа хийхээс буцахгүй насандаа бичсэн уг номоо хааяа эргүүлж харахад арай ч яарч, түргэн хандаа юу? гэж заримдаа боддог ч аливаа ажил амьдралын бүхий л асуудалд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл маань тэр үед бодож, санаж байснаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй тул бодол, сэтгэлгээний минь түүх болон үлдэх юм даа гэж дотроо харин ихэвчлэн бахархах сэтгэл төрдөг. Тэр номыг бодож явдгаа эмхэтгээд тун ч богино хугацаанд хэвлүүлчихэж билээ. Энэ товхимлыг мөн ном гэж тооцвол бичихдээ хүрвэл номыг тун ч хурдан, богино хугацаанд бичдэг хүн болох нь.

/Уг номын тухай Амжилт нэвтрүүлэгт ярилцаж байсан хэсгээ дор оруулав. 

Ер нь анзаараад байхад аливаа хөгжил, ялангуяа шинжлэх ухааны хөгжил тун ч их нарийн төвөгтэй болсоор байдаг юм шиг байгаа юм. Анагаах ухаан гэхэд тулгуур эрхтэн, дотор эрхтэн гэж салаалж явсаар зөвхөн шүд гэхэд агт арааны, 12-р шүдний гэх мэтээр, хуруу гарыг хүртэл эрхий хурууны, чигчийн хурууны гэх мэтээр салгаж үзэхдээ хүрчээ. Ингэж нарийсахын хирээр тэд хоорондоо холбоогүй болон дангааширч шүдний эмч толгойн эм, ходоодны эмийг ялгахаа болихдоо хүрдэг ажээ. Иймээс түүний эсрэг талд эдгээрийг нэгтгэн нэг болон харах хандлага, оролдлогууд хүчээ авч байна.

Физикт гэхэд 150 хүрэхгүй жилийн өмнө цахилгаан, соронз гэдэг бие биенээсээ хол хөндий харилцан хамааралгүй ойлголтууд гэж тооцогдож байв. Тоймлон өгүүлбэл нэг хэсэг нь цахилгааны үзэгдлийг судалдаг, зарим хэсэг нь соронзон орныг судалдаг бие биенээсээ харилцан хамааралгүй ганц нэг томьёотой явцгаав. Хэн нэгэн авьяас билэгтэн гарч ирэн энэ 2 үзэгдлийн мөн чанарыг олоогүй бол өнөөгийн физикийн хөгжил гэдэг их өөр байх байсан байж магадгүй юм. Гэтэл энэ 2 хороондоо хамааралтай төдийгүй гэрэлтэй ч холбоотой болохыг нээж, түүний мөрөөр физикийн бүхий л үзэгдлийг нэг томьёогоор тайлбарлах том онолын эрэлд гараад нилээн удаж буйг та бүхэн бүгд мэднэ биз ээ. Яг ийм давалгаа математик, философи, эдийн засаг гээд бүхий л салбарт явагдаж байна.

Хэрэв ийм зүй тогтолтой юм бол улс орон, компани, нийгэм гээд аливаа системийн хөгжлийг ч бас нэгэн томьёогоор илэрхийлж болох юм биш үү? гэж санан тэр томьёоны нэгэн хувилбарыг өөртөө нээснээ тухайн үед ТЭНЦВЭРТ ӨӨРЧЛӨЛТИЙН ОНОЛ гэж нэрийдэн жижигхэн товхимол гаргасан юм. 10 оны өмнө хэвлүүлсэн, түүнээс мөн 10-аад оны өмнөөс зарим мөрдлөгөө, санааг нь бодож явсан гэхээр их л эртний түүхтэй ажил болох нь. Энэ итгэл үнэмшлүүд минь компаний маань зорилго зорилтууд, алсын хараа, уриа үгээр илэрч, хийх ажил, бодлого стратегит нь суугаад явдаг юм. Зайрмагнаас эхлүүлэн хэд хэдэн салбарт үйл ажиллагаа тэлэн компани маань амжилттай ажиллаж байгаад ах дүү бид нарын хамтач сэтгэлгээ, багийн ажиллагаа, ааваас минь өвлөгдсөн шинийг санаачлагч инновацийг дэмжигч хандлага, сэтгэл зүрхээ ажилдаа зориулсан ажилтнуудын маань зүтгэлийн нөлөөнөөс гадна хөгжлийн зүй тогтлоо зөв хараад, зөв үйлдэл, эс үйлдэл хийгээд явахад минь энэ онол, томьёолын маань тус чамгүй их бий гэж итгэж явдаг даа.

Ер нь шинжлэх ухааны мэдлэгийн хөгжлийг хүүхдүүд лего өрөн байшин барьж тоглохтой,  хүмүүс тоосго өрөн барилга барихтай зүйрлэж болно. Батлагдсан, эсвэл үнэн байхаас аргагүй нотолгоог сууриа (хундаам) болгон түүнээс дараагийн нотолгоог гаргах аргаар давхарлан өрдөг. Ийм аргачлалаар физик, биологи, философийн хөгжлийн тухайх чухал онол (зарим нь таамаглал)-уудыг сонгон нэгтгэх замаар уг томьёоллыг гаргасан. Анхны ном, жоохон яарсан 2 нийлээд одоо харахад өрөөл битгий хэл өөрөө ч заримдаа ойлгоход төвөгтэй байдлаар бичигдсэн тал бий. Үүнийгээ өнгөрсөн 10 жилийн туршид ажлын заваар байнга л  харж, чадахаараа хялбаршуулж, хөгжүүлж байна. Илүү хялбаршуулж, нотолгоо үндэслэлээ сайжруулсан дараагийн хувилбараа танд сонирхуулах цаг тийм ч холгүй байх гэж найдаж байна. Нэгэн компани, хэд хэдэн салбарт хэрэглээд үр өгөөжөө өгч буй томьёолол, зүй тогтлоосоо улс орон, зарим салбаруудад ашиглаж, хөгжлийн дараагийн шатанд гаргахад нь тус дэм болох өдрүүд ч мөн ойрхон биз ээ.